Шоколадыг монголоор “борхош” гэдэг гэнэ. Борхошийн
шошго дээр үрмэл какао, какао-порошок, какао-масло гэсэн гурван гол
бүтээгдэхүүн байх ёстой. Хэрэв ямар нэгэн өөр тос, маслын нэр байвал цэвэр бус
хуурамч борхош гэнэ. Жинхэнэ борхош аманд хайлдаг бөгөөд учир нь какао-маслын
хайлах температур хүний биеийн хэмтэй ойролцоо байдаг аж.
Борхошийг какаоны модны үрээр
хийдэг бөгөөд шинжлэх ухаанд Theobroma cacao гэж XYII зуунд тэмдэглэжээ. Грекээр
“амт оруулагч” гэсэн утгатай. Гэвч эртнээс нааш Мексик, Өмнөд Америкаар
нутаглаж байсан майяачууд хэрэглэж байжээ. Тэд какаоны
модны жимсийг түүж, үрийг нь нунтаглаад халуун ногоотой, хөөсөрсөн, гашуун
амттай унд болгон уудаг байжээ.
Алдарт жуулчин Христофер Колумб, Эрнан Кортез нар 1500
оны орчим какаоны үрийг анх Европт авчирчээ. Европчууд үрээр нь юу хийхийг
мэдэхгүй байтал Кортез ундаанд чихэр холих санаа сэдсэнээр богинохон хугацаанд
Европын хаадын гэр бүлийн тусгай ундаа болон хувирсан. 1800-аад оны үеэс Англи,
Швейцарьт өнөөгийн шоколадтай төстэйг хийж эхэлсэн гэдэг.
Какаоны мод нь жижгэвтэр бөгөөд экваторын дулаан орнуудад ургадаг. Модны жимс нь үл мэдэг шоколад шиг үнэртэй, яльгүй гашуун байдаг бол үр нь бүр ч гашуун ажээ. Какаоны жимсээр хооллодог амьтад гашуун үрийг нь гаргаад хаячихдаг тул илүү өргөн газар нутагт тархан ургадаг. Эдүгээ дэлхийн какаоны гуравны хоёрыг баруун Африк, тэр дотор 43%-ийг Зааны ясан эрэг улс нийлүүлдэг байна.