Уйгарчууд 100 жил оршин тогтнох явцдаа 10 орчим хот сууринг байгуулсан гэх бөгөөд ихэвчлэн дөрвөлжин шавар хэрэм бүхий бэхлэлт хотуудыг барьсан нь эдүгээ Монгол, Казахстан, Тувагийн нутагт их бага хэмжээгээр үлджээ. Тэдгээр 10 орчим хотыг бэхлэлтийн “сүлжээ” хотууд байсан гэж үздэг. Тувагийн нутагт Уйгар улсад холбогдох нэгэн цайз хотын туурь байдаг бөгөөд хойд хил хязгаарын бэхлэлт болгож нумарсан хэлбэрийн хэрэм бариад дотор нь олон тооны шивээ цайзуудыг барьсан байжээ.
Уйгарын хамгийн том хот нь одоогийн Архангай аймгийн Хотонт сумын нутагт байх Хар балгас буюу Уйгарын нийслэл Ордубалык юм. IX зууны эхээр Арабын жуулчин Тамим Бин Бахр Ордубалык хотод ирсэн тухайгаа тэмдэглэхдээ “хүн ам ихтэй, худалдаа наймаа цэцэглэн хөгжсөн том хот байсныг дурджээ. Судлаачид тус хотыг 32 кв.км талбайтай байсныг тогтоосон байдаг.
Эл “Хар балгас”-наас холгүй орших “Дөрвөлжин” хэмээх дурсгалыг Монгол-Хятадын хамтарсан судалгааны баг судлаад уйгар хүний булш болохыг тогтоосон. Гадуураа сувгаар хүрээлэгдсэн, зүүн талдаа үүд бүхий дөрвөлжин хэлбэрийн намхан шавар хэрэмтэй, түүний дотор шатаасан тоосгоор барьсан хэд хэдэн барилгын туурь илэрсэн. Тэдгээр тууриудын ханыг шохойгоор өнгөлж элдэв будагаар зураглан чимэглэсэн байсан. Хэрмийн дотор, газрын гүнд тоосгон бунхан байгуулж нас барсан хүнийг оршуулсан байв. Бунханыг монгол гэр шиг бөмбөгөр хэлбэрээр байгуулж, хаалга үүдийг нь зүүн урд зүг рүү хандуулсан байв. Уйгартай холбоотой булш оршуулга харьцангуй цөөн судлагдсан боловч тэд түрэгчүүдийн адилаар морь дагалдуулан оршуулдаг.
Уйгарын үед хамаарах хүн хөшөөд нь Монголын баруун хэсгээр 10 орчим бий. Онцлог нь дэргэдээ ямар нэгэн бунхан, хашлага гэх мэт байгууламжгүй дангаар оршдог. Хавтгайдуу оройтой, чихэвчийг нь сөхсөн малгай өмссөн, хоёр гараа хэвлийн өмнө авч, хундага сав мэт зүйлийг шахаж тэвэрсэн байдлаар дүрслэгдсэн, хэмжээний хувьд харьцангуй том байдаг.
Уйгарчууд түрэгчүүдийн адилаар
нас барсан хаад, язгууртнууддаа “тахилын онгон” байгуулдаг. Түүний нэг нь Булган
аймгийн Сайхан сумын нутаг дахь Моюунчур хааны тахилын онгон бөгөөд суваг
шуудуу бүхий шороон хэрэмтэй, төв дундаа чулуун мэлхий суурьтай бичээс бүхий
гэрэлт хөшөөтэй байжээ. Уйгарчууд эхлээд руни бичээс хэрэглэж байснаа өөрсдийн
хэл ярианы онцлогт тохируулан согд бичгээс санаа авч уйгаржин бичгийг зохиосон
гэдэг. Уйгарчууд руни, уйгар, согд, брахми, хятад зэрэг хэлээр үйл хэргээ
тэмдэглэн явуулдаг байжээ.