Аялал жуулчлалын салбар ХҮРСЭН ТҮВШНЭЭСЭЭ УРУУДААД байна.

Р.Оюунжаргал “Өнөөдөр” сонин: Манай улсад аялал жуулчлал хөгжиж байна уу?
Ч.Буянбадрах “Гайд” төвийн захирал: Ерөнхий тоймоор нь харахад хөгжиж байгаа. Гэхдээ маш замбараагүй бас чанаргүй.

Р.Оюунжаргал: Шалтгаан нь юу вэ?
Ч.Буянбадрах: Хэд хэдэн шалтгаантай. Нэгдүгээрт, гадаад хэлний зах зухтай гэх олон монголчууд энэ салбар руу дайран орсон. Солонгост ажиллаж байгаад ирсэн хүн бүр шахам аяллын компани байгуулж байна. Монгол улс 2018 онд хүн ам, тэр дундаа хүүхэд залуучуудынхаа англи хэлний түвшнээр Ази, Номхон далайн бүс нутгийн хэмжээнд эхний 80 оронд ч багтаагүй. Өөрөөр хэлбэл дутуу дулимаг гадаад хэлтэй бүхэн энэ салбарыг эмх замбараагүй хөгжил рүү хөтөлж байгаа гэсэн үг.

- Аялал жуулчлал төдийлөн хөгжихгүй байгаа хоёр дахь шалтгаан нь нөгөө л эв нэгдлийг хангаж хамтран ажиллаж чадахгүй байгаа байдал. Монгол хүний амбиц, өөрөөсөө илүүг хүлээн зөвшөөрч чаддаггүй “атаархуу” зан нь бас нэгэн чөдөр тушаа. Ямар ч бизнес хамтын ажиллагаанд таарахгүй бол салаад явна, тэгээд араас нь муулж байж санаа нь амарч “сэтгэлийн жаргал” эдэлдэг зан.

- Гуравдугаарт, цэгцтэй бодлого алга. Жишээ нь, газар олгох талд ер анхаардаггүй. Нэг нуур тойруулж маш олон байгууллага, хувь хүмүүст газар олгодог жишигтэй. Аялал жуулчлалын бизнесийг чанартай хийе гэсэн хэн нэгэн нь хэдэн зуун саяын хөрөнгө зарж бааз байгуулаад байхад зэрэгцүүлээд өөр бусад хувь хүмүүс, ойр орчмын малчдад газар өгчихдөг. Олон зуун саяын хөрөнгө зарсан нь амжилттай “босож” чадаагүй байхад “чангаагаад” эхэлдэг энэ үзэгдэл манай салбарын бас нэгэн доголдол.

Р.Оюунжаргал: Жуулчнаа булаацалдаад байна уу?
Ч.Буянбадрах: Манай улсад аль ч салбарт судалгаа маш их хийдэг хэрнээ шинжилгээ ба гарц шийдлийг орхигдуулдаг. Аялал жуулчлалын салбарт судалгаанд шинжилгээ хийж, зорилгод хүрэх арга замуудыг тодорхойлдоггүйгээс юу хийж, хаана хүрэх гээд байгаа нь тодорхойгүй. Жишээ хэлье. БНХАУ аялал жуулчлалын орлогоор АНУ-ыг гүйцдэггүй ч тус улсад аялал жуулчлалын салбар маш хурдтай хөгжиж байна. БНХАУ 2011 оноос эхлэн аялал жуулчлал хөгжиж буй хэд хэдэн бүсэд, мөн ядуурал ихтэй газар нутгуудад тандалт судалгааны төвүүд байгуулсан. Тухайн газар нутагт жилд хэдэн жуулчин ирж байна, оршин суугаа хүмүүсийн орлого, амьжиргаанд яаж нөлөөлж байна, тэндэхийн сүм хийд, хөшөө дурсгалд жуулчдаас үүссэн элэгдэл байна уу, ирж очиж байгаа хүмүүст зам харилцаа хүндрэлтэй байна уу, хот хоорондын автобус, дотоодын нислэг, галт тэрэгний урсгалыг нэмэх үү, шинээр үүсгэх үү гээд эерэг болон сөрөг бүхнийг нарийвчлан судалсан. Судалгааны дүн, тоо баримтыг шинжилж үзээд, гарц гаргалгааг тодорхойлж саналаа боловсруулаад Засгийн газартаа танилцуулж цаг алдалгүй бодлого шийдвэр гаргуулахад нөлөөлж ажилладаг. Жан Зья Жи гэх “Тэнгэрийн хаалга” буюу Аватар киноны зураг дүрслэлд санаа өгсөн гэх тэр газарт аялал жуулчлал ердөө гурав, дөрөвхөн жилд асар хурдацтай хөгжиж цойлон гарсан. Бээжингээс орон нутгийн хурдны галт тэргээр 12-14 цаг явж очдог байсныг одоо дотоодын нислэгтэй болгочихлоо. Аялал жуулчлалын бодлого гэдэг бол ингэж л хэрэгждэг.

Р.Оюунжаргал: Энэ нь нөгөө Аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн байгууллагын дэргэд “Тандалт, судалгааны төв” байгуулсан үр дүн үү?
Ч.Буянбадрах: Тийм ээ. Жишээ нь Бээжингээс 1000 км-ийн зайд байгалийн сайханд байдаг Дабэ гэдэг маш ядуу тосгоныхны амьдралыг сайжруулах зорилгоор “судалгааны төв” ажиллаад богино хугацаанд жуулчны хөл тасардаггүй газар болгож чадсан. Айл болгоноор орж уулзаж, ажил бизнесийг нь зааж өгсөн байдаг. “Танайх энэ сийрсэн малгайгаа л сайн хийгээд байдаг юм шүү”, “та нар ногоон цайгаа тариалаад л бай”, “жуулчин хонуулах айл нь танайх” гэх зэргээр ажил үйлчилгээг төрөлжүүлж зааж өгсөн. Тэгэхээр давхардахгүй, бие биенийхээ бизнесийг хаахгүй. Ингэсээр байгаад жуулчны маш гоё гудамж бий болгосон. Одоо тэр тосгонд жилийн дөрвөн улиралд жуулчин тасардаггүй. Тосгоныхны амьдрал эрс сайжирсан.

Р.Оюунжаргал: Тэгэхэд манайх Жуулчны гудамж байгуулах гээд хэдэн жил болж байна даа.
Ч.Буянбадрах: Тийм шүү. Ер нь бол тандалт судалгааны төвүүд зөвхөн Азийн орнуудад бус Европын орнууд, Америкт ч байдаг. Канадууд Симсон нуураа хэрхэн үр дүнтэй ашигладаг талаар хэлье. Өвөл зунгүй жуулчин тасардаггүй энэ нуурыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглахын тулд тандалт судалгаа хийсэн. Эрэг дагуу газрыг гурав ангилж тус тусад нь үйлчилгээ хөгжүүлсэн. Хэсэг газрыг явган зугаалдаг бүс болгосон, тэнд ямар ч барилга байшин бариагүй. Нэг хэсэг талбайд хоорондоо зайтай хэдхэн бааз, өвөл ажиллах зочид буудал байгуулах зөвшөөрлүүд өгсөн. Гурав дахь хэсгийг ан амьтан хамгаалах бүс болгосон юм. Буудалд буухгүй гэсэн жуулчдад зориулж майхан барих талбай тусад нь бүсчилж өгсөн. Бид өөрсдөө сэтгээд хийдэггүй юм гэхэд шууд хуулах энэ мэт жишээ олон бий. Аваргатосонгийн рашаанд очоод гайхлаа. Тэр жижиг нуурын эргэн тойронд үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг 200 гаруй байгууллага, хүнд өгсөн байсан. Хэнтий аймгийн Гүрэмийн нуур гэж жижиг нуурын эрэгт мөн аль хэдийнэ арав гаруй амралтын газар бий болжээ. Ингээд яриад байвал БОАЖЯ, аймаг, сумын Засаг дарга нарын газрын наймаанд аялал жуулчлалын бизнес хөл алдаж байгаагийн жишээ олон.

Р.Оюунжаргал: Анзаарахад гадаадын жуулчдад үзүүлдэг үйлчилгээ улам л хямдраад байх шиг.
Ч.Буянбадрах: Үйлчилгээ стандарттай байх ёстой боловч түүнийг баримталдаг нь ховор. Дэлхийн стандартаар жуулчныг өдөрт машинаар 250 км дотор явуулах ёстой. Бид нар Монголын нутаг өргөн уудам, үзэж харах газрууд нь хоорондоо зайтай учраас өдөрт 350км, зарим үед түүнээс ч хол давхиулдаг. Үүнд нь ядарч зүдэрдэг жуулчид бий. Нөгөө л замын дундах зөөлөн дэд бүтцийн дутагдал байсаар байна. Компаниуд жуулчдыг хямд үнээр татах гэж өрсөлддөг болсон. 10 гаруй жилийн өмнө ийм байгаагүй. Үнэтэй, үйлчилгээ сайтай байдаг байсан. Одоо томоохон компаниуд маань ч “өдрийн аялал” авахын төлөө байдаг болж. Ингээд харахаар аялал жуулчлалын салбарт ахиц төдийлөн гарахгүй байна.

Мөн арав гаруй жилийн өмнө хөтөч нь хоол хийгээд явдаг байсан аялал ховор байлаа. Хөтөч нь хөтчийн, тогооч нь тогоочийн, жолооч нь жолоочийн ажлаа хийгээд явдаг байв. Гэтэл одоо хөтөч нь тогоочийн ажлыг, заримдаа жолооч нь хөтчийн ажил давхар хийх болжээ. Өнгөрсөн зун говь руу яваад ирлээ. Тэр үед тааралдсан 10 аяллын зургаагийнх нь хөтөч нь хоол хийж байсан. Хямд үнийн өрсөлдөөн яван явсаар аялал жуулчлалын бизнесийг ийм дорой байдалд оруулж байна. Үүнийг хөгжил гэж харах хэцүү. Аялал жуулчлалын салбар хүрсэн түвшнээсээ уруудаад байгаа юм биш үү.

Р.Оюунжаргал: Яаж сайжруулах вэ?
Ч.Буянбадрах: Нэгдүгээрт, аялал жуулчлалын хуулийг яаралтай шинэчлэх хэрэгтэй байна. Гэвч энэ салбарт хамаарах бүхий л хүрээний төлөөллийн саналыг авч сайтар хэлэлцэх шаардлагатай. Хэдхэн тур оператор компаний захирал, хэдэн аялал жуулчлалын хичээл заадаг багш, салбарын нөхцөл байдлыг мэдэхгүй ганц хоёр хуульчийн хийх ажил биш. Ирээдүйд “тур оператор” гэж байхгүй болох нөхцөл байдал бий болчихоод байна.

- Хоёрдугаарт, МИАТ-ийг либеральчлах, агаарын тээврийн байгууллагуудын өрсөлдөөнийг бий болгох. Онгоц нислэгийн хуваарийг нэмэхгүйгээр аялал жуулчлалын салбарын хөгжлийн тухай ярих хэцүү. Орон нутгийн нислэгийн хуваарь гэж нэг зовлонтой зүйл байна. Аэро Монголиа, Хүннү Эйр хоёр “хүн бүрдээгүй” гээд нислэгийг хэнэг ч үгүй цуцалдаг, тоодог ч үгүй. Ийм байдалтай яаж аялал жуулчлал хөгжүүлэх вэ.

- Гурав дахь тулгамдсан асуудал бол аялал жуулчлалын салбарт судалгаа шинжилгээний байгууллагатай болох. Салбарын юу нь болоод, юу нь болохгүй байгааг шинжилж оношлох хэрэгтэй. Яагаад Хархорин, Эрдэнэзуу хэвээрээ байгаад байдаг юм бэ. Нэг газар шавсан жуулчны баазуудыг ингээд байлгаад байх юм уу. БОАЖЯ дэргэдээ “Аялал жуулчлалын хөгжлийн төв” гэдэг нэртэй төсөл горьдсон өөрийгөө санхүүжүүлэх үүрэгтэй төрийн бус байгууллага бий болгох бус, төрөөс санхүүжилттэй “Аялал жуулчлалын судалгаа шинжилгээний төв” гэх нэртэй, нэрэндээ тохирсон үйл ажиллагаа явуулдаг байгууллагатай болох нь хамгийн чухал. Тэр төв Монголд аялал жуулчлал эхэлсэн цагаас эхлэн өнөөг хүртэлх бүх өөрчлөлтийг судалж, өнөөгийн байдалд бодит дүгнэлт өгч, аялал жуулчлалын мэдээллийн “дата сантай” болж, цаашид юуг яах ёстойг дэвшүүлэн санал гаргаж, яамаараа дамжуулан Засгийн газраар шийдвэр гаргах хүртэл нөлөөлж чаддаг, гүйцэтгэлийнхээ хойноос хөөцөлддөг байгууллага байх ёстой.

Манай салбарт хурал семинар маш олон удаа хийгдсээр ирсэн. Гэхдээ нэг юмыг хэд дахин тоть шиг давтаж ярьдаг. Үнэндээ бол дотоод, гадаад нислэгийн асуудлыг шийдүүлэхийн тулд ингэж хөөцөлдлөө, жуулчдын визний асуудал дээр ингэж ажиллалаа, хил гаалийн бүртгэл хураамж дээр ингэж шийдвэрлүүллээ, тэндээс тэр хүртэл Shuttle bus явуулахаар боллоо, ижил төстэй ийм байгууллагуудын хамтын ажиллагааг хангалаа, Засгийн газарт ийм асуудал шийдвэрлүүлэхээр хүргүүллээ ... гэх мэт ажлын талаар сонсмоор байна.