Цагдаагийн байгууллагад хандсан цахим луйврын гэмт хэргийн тоо 7821 бүртгэгдэж 165 тэрбум төгрөгт хүрсний 50% нь гадаад гүйлгээ, төлбөр тооцооны явцад илэрчээ. 2019 онд гадагш алдсан цахим луйврын мөнгөний хэмжээ 10000-200 мянган ам.доллар давсан байна. Болгар руу шилжүүлсэн мөнгийг залилагч этгээд авсан байсныг Монголын ЦЕГ буцааж авсан тохиолдол гарчээ. Учир нь манай улсын ЦЕГ Болгарын цагдаагийн байгууллагатай харилцан туслалцах гэрээтэй гэнэ. Мөн Турк улс руу алдсан 260 мянган ам.долларыг дансанд байх хугацаанд нь царцааж хязгаарлан зогсоож чадсан байна. Харин тухайн улсын цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах гэрээ байхгүй тохиолдолд боломж бараг байхгүй ажээ.
Интерполоос ЦЕГ-т банкны төлбөр тооцоотой холбоотой шинэ төрлийн гэмт хэрэг гарч эхэлснийг сануулжээ. Картан дээр хэвлэсэн арав гаруй оронтой тоог ашиглаж дансан дахь мөнгийг нь авсан үйлдэл бүртгэгджээ. Гадаад худалдаа эрхэлдэг байгууллагуудын хувьд харилцагч байгууллагынх нь и-мэйлийн ганц үсгийг сольсон хаягнаас и-мэйл ирэхэд гэнэдэж төлбөр шилжүүлэх явдал гардаг байна.
Мөн фэйсбүүк чатаар дамжуулж мөнгө луйвардах хэрэг их гарах болсон. Фэйсбүүк рүү нь нэвтэрсэн этгээд эхлээд чатуудыг нь шалгаж ойр харилцаатай хүмүүсийг нь судалж, и-мэйлийг асуух, утсанд чинь код ирнэ, тэр кодыг явуулаач над руу явуулаач гэх мэтээр харилцаж байгаад уг эзнийг нь өөрийн фэйсбүүк рүүгээ орох боломжгүй болгож байгаад луйвар хийж эхэлдэг байна. Бас төлбөрийн картны пин кодоо ресторанд, шатахуун түгээх газарт шууд хэлдэг нь ч буруу юм.
Сүүлийн 2 жилийн дотор Хятадын хуурамч компаниуд улс дамнасан томоохон луйврууд хийснийг Америк, Европын орнууд илрүүлж тусгайлан бүртгэлийн лист үүсгэн сэрэмжлүүлжээ. Тэдний залилан хийдэг аргууд нь дараах хэлбэртэй.
Хэлбэр 1: Бүтээгдэхүүн авах хүсэлтэй байгаа талаараа гадаадын ямар нэгэн орны бага болон дунд хэмжээний компаниуд руу гэнэтийн и-мэйл явуулдаг. Эхний хариу ирсний дараа хятад компани тухайн бараа бүтээгдэхүүн, үнийн талаар ямар нэгэн яриа хийлгүйгээр ихээхэн хэмжээний бараа бүтээгдэхүүн авах сонирхолтой байгаагаа илэрхийлдэг. Дараа нь захиалгын хэмжээ, бүтээгдэхүүн, үйлчилгээ, төлбөрийн нөхцөлийг баталгаажуулсан худалдан авалтын гэрээг илгээнэ. Гэрээндээ “гэрээ байгуулсны дараа 30-50%-ийн урьдчилгаа төлбөр төлнө” гэж тусгадаг. Мөн тухайн хохирогч талын гүйцэтгэх захиралтай нүүр тулан уулзаж байж гэрээг байгуулна гэж хэлээд өөрсдөө зардлаа гарган Хятадад ирэхийг санал болгодог. Хятадад ирэх хүний овог нэр, тийз захиалсан баримт, виз мэдүүлсэн баримт зэргийг явуулна уу гэх мэтээр ханддаг. Ирсэн хойно нь угтаж аваад эхлээд албан бус уулзалт хийж танддаг. Дараа өдөр нь оффис дээрээ ирүүлэх цаг тохироод шаардлагатай бүх арга хэмжээг яг үнэн бодит мэт зохион байгуулж “гэрээ байгуулагдлаа, баяр хүргэе” гэж гар барьсны дараа “одоо гэрээгээ Хятадын нотариатаар батлуулахгүй бол их хэмжээний мөнгийг банк шилжүүлдэггүй юм” гэж хуурдаг. Нотариатын төлбөрийг адилхан 50% гаргаж төлөх нөхцөлийг санал болгож тухайн хохирогч компаниар өөрийн дансанд шилжүүлж авсны дараа “ор сураггүй алга болох” ажиллагаа руу шилждэг.
Хэлбэр 2: Хятадын залилан хийдэг компаниуд гадаадын аяллын компанитай холбоо тогтоож 100-300 хүний аялал, бизнесийн арга хэмжээ зохион байгуулах гэж байгаа тухайгаа илэрхийлнэ. Хятадын нэр хүндтэй компани мэтээр ойлгуулж томоохон төслүүдийн бичлэг, фото, барилгын зураг бүхий хуурамч веб хуудас үзүүлдэг. Дараа нь зочид буудал, хоол, аяллын үйлчилгээний зардал зэргийг багтаасан үнийн саналыг асуудаг. Үнийн саналыг хүлээн авсны дараа өмнөх жишээтэй адилаар хууран мэхэлдэг. Америк, Европын орнуудад сэрэмжлүүлсэн листэнд Хятадын дараах компаниудыг жагсаажээ.
Эдгээр 25 компаниас Монгол руу луйвар хийх зорилгоор хандсан 2 компани байгаа бөгөөд хэд хэдэн компани руу и-майл явуулж заримаас нь мөнгө луйвардсан хэрэг гарсан байна.
1. Shaanxi Feng Qin Trade Co., Ltd
2. Yunnan Zhouyun Import & Export Co., Ltd
3. Henan Changxu Import & Export Trading Co., Ltd
4. Xi’an Yaoke Import & Export Trading Co., Ltd
5. Shaanxi Suofu Trade Co., Ltd
6. Yunnan Gaosai Import and Export Trading Co., Ltd
7. Shaanxi Tengyu Imp & Exp. Co., Ltd
8. Xi’An Blessing Wide Trading Co., Ltd
9. Xi’An Bei Ao Trading Co., Ltd
10. Shaanxi Guangda Electrical Equipment Engineering Co., Ltd
11. Xi’An Qing Xian Lu Trading Co., Ltd
12. Xi’An Nuolang Trading Co., Ltd
13. Guizhou Chuangmao Import & Export Trading Co., Ltd
14. Xi’An Createwucloud Business Trade Co., Ltd
15. Xi’An Suchuang Trading Co., Ltd
16. Shaanxi Yi Tao Tan Trading Co., Ltd
17. Xingye Int’l Group Development Ltd
18. Zhengzhou Wancun Qianxiang Trading Company
19. Xian Weisheng Worldwide Trading Co., Ltd
20. Henan Yayijin Import & Export Trading Co., Ltd
21. China Wanan Industrial Co., Ltd
22. Shanxi Shun Ran Import and Export Co., Ltd
23. Fubang Industry Co., Ltd
24. Shanxi Teng Qun Imp & Exp Trade Co., Ltd
25. Xian Yueming Trading Co., Ltd
Монголын
хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбоо, “Аялал
жуулчлал, Байгаль орчны салбарын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах
нийгэмлэг”-ээс иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг цахим луйварт өртөхгүй
байж, анхаарал сэрэмжтэй байхыг сануулж байна.