Могойч загалай буюу лусч сарын нүүдлийн хугацаа идэш тэжээл, цаг уурын онцлогоос шалтгаалан янз бүр байдаг. Намрын нүүдэл 8-р сарын сүүлч, 9-р сарын эхээр эхэлдэг бол үржлийн үедээ буюу 9-10-р сард Дорноговь, Өмнөговь, Хэнтийн баруун өмнөд хэсгээр нутагладаг. Орхон, Сэлэнгэ, Туул голын сав газраар болон Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Зүүн Хайлааст, Шүтэгийн Баянгол, Өөшийн говь хэмээх газарт өндөглөн, зусах нь элбэг. Үржлийн насны хос цөл, хээрийн бүс нутагт говийн тоорой, улиас, хайлаас зэрэг модон дээр бутлаг ургамлын иш, мөчир ашиглан үүрээ засдаг юм байна. Ихэвчлэн 1-3 өндөг гаргаж 45-47 хоног дарж бойжуулахад нэг нь л нас бие гүйцдэг. Эмэгчин загалай өндгөө дарах үүрэгтэй бол эрэгчин нь могой, гүрвэл, жижиг сээр нуруутан зэрэг амьтан агнаж, түүгээрээ гэр бүлээ тэжээнэ. Өндөг нь ангаахай болж амжилгүй бусдын идэш болох нь элбэг. Тиймээс бие гүйцэж, үүрээ орхиж ниссэн ч эцэг, эхээрээ хоолоо зөөлгөдөг “эрх” жигүүртэн ажээ.
Өмнөговь аймагт хийсэн ажиглалтаар шувуудын үүр хоорондын зай 50 метр байжээ. Мөн үүр, “сууц”-аа ихэвчлэн 3-4 метр өндөртэй хайлаас модонд зассан байв. Гэвч үүрнээсээ дайжсан байх магадлалтайг судлаачид ажиглажээ. Бамбай хоншоорт, суман могой зэрэг хэвлээр явагч амьтдын сэг зэмээр лусч сарын “сууц”-ыг таньж болно. Нэг зассан үүрээ дахин ашигладаг. Могойч загалайн цөөрч буй шалтгаан нь үүрлэх газар, идэш тэжээлийн хомсдол, уул уурхайн олборлолт, аялал жуулчлалыг дагасан бүтээн байгуулалттай холбоотой аж. Ялангуяа үүрээ засдаг модыг нь түлшинд хэрэглэх зорилгоор огтлох болсон байна. Цөлд элбэг тархсан элдэв мэрэгч амьтан, могойн тоо толгойг тэнцвэржүүлэгч хэмээж болох энэ шувууны ангаахай нэгнээ барьж идэх нь бий. Ангаахай нь 70-75 өдрийн дараа үүрээ орхидог. Хамгийн удаан амьдарсан могойч загалай 17 насалсан байдаг.
Нас бие гүйцсэн могойч загалай 63-68 см урт, далавчаа дэлгэхэд 185-195 см болно. Ойролцоогоор хоёр кг орчим жинтэй. Толгой, цээж, нуруу хэсгээрээ бараан хүрэн бор толботой. Суух үед толгойн өд нь сэгсийж харагддаг учраас зантгар толгойтой мэт болдог. Далавчны доод бүрхүүлийн өд нь хөндлөн судал, толбо ихтэй учраас цоохор зүстэй гэж хэлж болно. Залуу шувууд бие гүйцсэнийгээ бодвол судал багатай, хондлойн дээрх цайвар өд бараг үгүй. Хушуу, хөл нь хөх саарал, хумс нь хар өнгөтэй.
Монгол оронд устаж болзошгүй ангилалд багтдаг боловч Газрын дундад тэнгис орчим Европ, Ойрхи Дорнод, Төв Ази, Африк, ОХУ-д элбэг тохионо. Монголд тархсан могойч загалайн 12 хувь нь буюу ойролцоогоор 30 орчим нь улсын тусгай хамгаалалттай газарт нутагладаг.