“Дэлхийн хөшөө дурсгалын сан”-гаас 2020 онд устах аюул нүүрлээд буй дэлхийн өвийн талаар өнгөрсөн 10-р сарын 29-нд мэдэгдэл хийж 22 орны 25 объектыг дурдсаны дотор “Чойжин ламын сүм музей” орсон байна. Дэлхийн хөшөө дурсгалын сан нь олон улсын хараат бус шинжээчдийн санал болгосон 250 объектоос сонгосон ажээ. Тэдний онцолсноор “Монгол Улсад хотжилт, улс төрийн эмх замбараагүй байдал, байгалийн гамшиг болон газрын төлөөх тэмцэл зэрэг нь энэхүү түүхэн өв соёлыг устгахад хүргэсэн” гэжээ.
“Дэлхийн хөшөө дурсгалын сан” бол соёлын өвийг хадгалах үйл ажиллагаа явуулдаг олон улсын нэр хүндтэй байгууллага бөгөөд Нью-Йорк хотод 1965 онд байгуулагджээ. Камбож, Франц, Перу, Португали, Испани, Их Британи зэрэг олон оронд салбартай. Тус сангаас Чойжин ламын сүм музейд 1.6 сая ам долларын санхүүжилт хийж соёлын өвийг хамгаалах үйлсэд нь зориулахаар болжээ.
Чойжин ламын сүмийг Монголын сүүлчийн эзэн хаан, шашин төрийг хослон баригч VIII Богд Жибзундамба хутагтын төрсөн дүү Чойжин лам Лувсанхайдавын номын үйл хэрэгт зориулан 1904-1908 онд байгуулсан. Эдүгээ тус музейд түүх, соёлын хосгүй үнэт 6000 гаруй өв, эд өлгийн зүйлс байдаг ба Өндөр гэгээн Занабазарын бүтээл, Чойжин ламын өөрийнх нь хэрэглэж байсан эд зүйл, тахил шүтээн хадгалагддаг онцлогтой.
Тус музей нь УБ хотноо цөөхөн үлдсэн Монголын буддын шашны түүх, соёлд холбогдох хосгүй үнэт өвийн нэг юм. Нийт 6 сүмээс бүрддэгийн дотор Ядам сүм нь Чойжин лам Лувсанхайдавын бясалгалын сүм бөгөөд арга билгийн нэгдэл дээр орших нууц тарнийн ядам бурхад залардаг. Тус сүм нь хөл хориотой байсан ба зөвхөн Чойжин лам орж бясалгал үйлддэг байв. Бясалгасны дараа чанх урд нь байрлах Занхан сүмийн нууц хаалгаар дотогш дамжин орж “чойжин буулгадаг” байсан түүхтэй.