Монголын орчин үеийн үндэсний номын сангийн гал голомтыг үүсгэх үед бүтээсэн нэгэн хөшөө нь магадгүй номонд зориулсан Монголын анхны хөшөө болов уу. Монголчууд эрт үеэс хадан дээр, эсвэл чулуун баганан дээр тухайн цаг үеийнхээ үйл явдлуудыг сийлж үлдээсээр ирсэн баримт нь эдүгээ цагт түүхийн нэн чухал чулуун судар болдог билээ.
Эл хөшөөг 1749 онд монгол хэлнээ орчуулан 226 боть болгосон МОНГОЛ ДАНЖУУР-т зориулан 1928 онд Судар бичгийн хүрээлэнгийн ажилтан Дэндэв урлан бүтээжээ. Хөшөөнд “Сэцэн чин вангийн Цахар хошууны шашныг бадруулагч сүмд хадгалж байсан монгол үсгийн Данжуурыг иж бүрнээр нь Ардыг Гэгээрүүлэх Яамны Судар бичгийн хүрээлэнд үүрд эзэмшүүлэхээр заасан 9 зүйл” агуулгыг сийлжээ. Эл судрыг 1924 онд нийслэл УБ хотод залж авчирсан байдаг.
Христийн шашинд Библи, Ислам шашинд Коран судар байдаг бол Буддын шашинд Ганжуур, Данжуур нь гол сургаал судар болно. Бурхан багшийн айлдсан сургаалийг анх 1300 оны үед нэгтгэж 112 боть болгосон ба үүнийг Бутон Ренчин Друп хэмээх лам самгарди, хятад хэлнээс 20 жил орчуулж 3 хувь гар бичмэл үйлдсэний хоёр нь он цагийн эрхэнд үрэгдэж үлдсэн цор ганц хувь гар бичмэлийг Анхдугаар Банчин богд 1650 онд Өндөр гэгээн Занабазарт бэлэглэсэн нь эдүгээ Монголын Үндэсний төв номын санд хадгалагддаг.
Харин Данжуур нь Ганжуур судрын 112
ботийг задалж дэлгэрүүлэн тайлбарласан их судар юм. Ганжуур Данжуурыг их
эрдэмтэн Эйнштэйн судалж үзээд “буддын шашин бол хамгийн шинжлэх ухаанч шашин
юм” гэж тодорхойлжээ. Учир нь “их таван ухаан, бага таван ухаан” хэмээн
нэрлэдэг шинжлэх ухаануудыг 3247 зүйлээр задлан тайлбарласан байдаг ба эдүгээ
цагийн “нано технологи” гэж хэлж болохоор амьдрах арга ухаануудыг ч зааж
сургасан байдаг. Хөшөөгөө бүтээлгэсэн Монгол Данжуур нь 107839
хуудастай их хөлгөн судар бөгөөд нэг хуудас нь 23 х 72.5 см хэмжээтэй. Энэ
гайхамшигт судрыг 2011 онд НҮБ “Дэлхийн өв”-д бүртгэн авсан юм.