Уйгар угсааны Пугу аймгийн бунханг сэргээн засварлажээ

 Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн болон ОХУ-ын монгол, төвд, буддын судлалын хүрээлэнгийн эрдэмтдээр удирдуулсан археологичдын баг Төв аймгийн Заамар сумын нутаг, Шороон бумбагар хэмээх газарт байх нэгэн өвөрмөц дурсгалыг 2009 оны 6 дугаар сард илрүүлэн малтлага явуулжээ. 6-8 дугаар зууны үед Төв Ази, тэр дундаа Монголын нутаг дэвсгэр дээр оршин тогтнож байсан Түрэгийн үеийн эл дурсгалыг судлаачид Уйгар угсааны Пугу аймгийн эзний бунхан болохыг тогтоосон байна. Тухайн үед газрын хөрснөөс доош зургаан метрийн гүнд байсан эл бунхны доторх эд зүйлс нэлээд хуучирсан байжээ.

Пугу аймгийн эзний бунханд модоор сийлж, даавуу торгон хувцастай хүүхэлдэйнүүд, гартаа таяг мэт мод барьсан, өндөр хамартай, шовгор орой бүхий малгайтай эрэгтэй хүн болон загас, адуу, үхэр, тэмээ, хонь, гахай, хүн цээжтэй, шувуу бөгстэй амьтан, шувууны дүрс байжээ. Түүнчлэн Хятад бичээстэй, хүрэл зоос, шавраар хийсэн хүн, үхэр, арслан, луу зэрэг нь судлаачдын анхаарлыг ихээхэн татаж буй ажээ.

Бунхныг илрүүлэх үед түүхэн дурсгалыг тонуулчид ухаж, олдворуудыг эвдэж сүйтгэсэн байсан тул анхны хэлбэр төрхөө хадгалж үлдсэн нь цөөн байжээ. Түүнчлэн газрын чийгний нөлөөлөлд даавуун эд зүйлс нь өмхөрч, өгөршин, түүхий шавраар бүтээсэн нь задарч бутарсан байна. тиймээс судлаачид нэн даруй бэхжүүлж, хамгаалах шаардлагатай олдворуудыг цэвэрлэж, Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейн ажилтнууд төсөл боловсруулан АНУ-аас Монголд суугаа Элчин сайдын Соёлын өвийг хамгаалах санд хандаж, ажил хэрэг болгоод эдгээр үзмэрийг үзэгчдэд хүргэх боломжтой болжээ.

Дүрслэх урлагийн музейд Түрэгийн үеийн шинэ олдворуудыг байрлуулж байнгын үзмэрийнхээ хэсэгт багтаажээ. Тиймээс 6-8 дугаар зууны түүхэн он жилүүдийн хэлтэрхийг сонирхохыг хүссэн хэн бүхэнд боломж нээлттэй байгаа ажээ.