Анх 2000 оны 5-р сарын 2-нд дэлхийг тойрч байрласан 24 хиймэл дагуулын ачаар GPS буюу байрлал тодорхойлогч багажны ажиллагааны нарийвчлал 10 дахин сайжирч шинэчлэгдсэн юм. Дараа нь энэ технологийн боломжийг хэрхэн ашиглах талаар идэвхтэй хэлэлцүүлэг интернет орчинд өрнөж АНУ-ын зөвлөх мэргэжилтэн Дэв Улмер GPS ажиллагааны нарийвчлалыг шалгах зорилгоор 5 сарын 3-ны өдөр нэгэн хайрцагт тэмдэглэлийн дэвтэр, харандаа, мөнгө, ном болон бусад зүйлсийг хийж Орегон мужийн Портланд хотын ойролцоо модон дотор нуугаад интернет дэх GPS хэрэглэгчдийн бүлэгт N45° 17.460 W122° 24.800 солбилцлыг нийтэлж Original Stash Tribute Plaque хэмээн нэрлэжээ. Тэр хайрцгийг өөр нэг GPS эзэмшигч өөрийн багажийг ашиглан байрлалыг нь олжээ. Гурван өдрийн дотор өөр бусад хүмүүс мэдээллийг уншиж, өөрсдийн GPS багажийг ашиглан хайж олоод, олсон тухайгаа баримтжуулан мэдээлж эхэлсэн байна.
Дараагийн өдрүүдэд нь өөр бусад хүмүүс өөр өөрийн хайрцгийг нууж, солбилцлыг зарлан, мөн бусад хүмүүс хайж олох болсноор энэ сонирхол олон нийтэд идэвхтэй түгэн дэлгэрчээ. Дэв Улмерийн хайрцгийг хамгийн анх олсон Мик Тэгуэ гэгч өөрийн сошиал орчинд дэлхийн өөр бусад орнуудад байрлуулсан “хайрцаг”-ны тухай мэдээллийг нийтлэх болсноор энэ сонирхол хүрээгээ тэлж зорилго болгон аялах хэлбэр рүү шилжсэн байна.
Хайрцагийг хайж олсон хүн “түүний байрлалыг өөрчлөх
ёсгүй, анх олсон газарт нь буцааж нууцлан байрлуулах” үүрэгтэй бөгөөд хайрцаг
дотроос ямар нэгэн зүйлийг авсан бол оронд нь өөрийн ямар нэгэн зүйлийг үлдээх,
мөн жижиг бүртгэлийн дэвтэрт нэр, аль улсын иргэн, хайж олсон он сар өдөр зэргийг
тэмдэглэх, өөрийн үлдээсэн зүйлийн талаар товч мессеж үлдээх зэрэг энгийн журам
тогтсон байна.