Герман бол Европын эдийн засгийн гол
хөдөлгүүр, гол үйлдвэрлэгч орон. Азийн хөгжиж буй орнууд руу Европын орнуудаас
хамгийн их бараа нийлүүлэгч орон. Германчууд долоо хоногт ажлын 35 цагтай
хэрнээ маш өндөр бүтээмжийг бий болгодог. Ажилтан ажлын байрандаа ажлаас өөр юу
ч хийдэггүй. Нүүр ном ухах, ажлынхны тухай хов жив ярих, интернетээр зугаалах,
даргын царайг харангуут хийж буй үйлдлээ ажил хэрэгч байдал руу гялс шилжүүлэх
хуурамч үйлдэл гэж байхгүй.
Залуухан герман бүсгүй “ажилтан солилцоо”-ны
шугамаар Англид очоод соёлын шоконд орж гэнэ. “... Намайг Англид байх үед ажлын
өрөөнд бүх хүн үргэлж хувийн асуудлаа ярилцаж байсан. Орой юу хийх гэж байна?
.. гэх нь хэвийн үзэгдэл. Тэд кофены өндөр хэрэглээтэй, кофены аяга бариастай ийш
тийш хөлхөөд хэн нэгнээс яриа өддөг...” гэжээ.
Германчууд элдэв маяггүй шууд харилцаж ажил
хэргээ явуулдаг. Тэр ч байтугай дарга захиралтайгаа ч ёсорхохгүйгээр захирангуй
өнгөөр ажил хэрэгч яриа өрнүүлж чадна. Америкчууд “надад үүнийг 3 цаг гэхэд хийгээд
өгвөл сайн байна” гэдэг бол германчууд “энэ надад 3 цаг гэхэд хэрэгтэй” гэж
хэлдэг. Тэд ажил дээрээ бүрэн төвлөрч маш хичээнгүй ажилладаг нь өндөр
бүтээмжийнх нь үр дүн юм.
Ажлын бус цагт амарч чаддаг. Өөрөөр хэлбэл ажил, амьдралын
асуудлыг салгаж чадна. Ажлын бус цагаар ажилтай холбоотой эмайл харилцааг
зогсоодог. Чөлөөт цагаа сонирхлын дагуух спорт, урлаг соёлын клубуудад
өнгөрүүлэх ба телевизийн суваг эргүүлэн суух нь ч ховор. Германчуудын ээлжийн цалинтай амралт нь жилийн
25-30 хоног байдаг. Амралтын эдгээр урт өдрүүдийг гэр бүлтэйгээ аялж өнгөрүүлэх
нь элбэг. Герман эмэгтэйчүүд хүүхэд төрүүлэхэд төрөөс 14 сарын турш цалингийнх
нь 67%-ийг олгодог нь “эх хүн” болох тэр нийгмийн чухал үүргийг бодлогоор
гайхамшигтай дэмждэг жишээ.