Дэлхийн дөрвөн зүг найман зовхист сайн дурын ажилтнаар одсон Америкийн энхтайвны корпусынхон ойн баяраа тохиолдуулан эх орондоо чуулжээ. Ингэхдээ тэд таван тивийн ард түмнээс олсон туршлага, мэдлэг, үүнийгээ баталгаажуулах гэрэл зургаа өвөртөлсөөр АНУ-д цугласан ажээ. 50 жилийн ой нь энэ сарын 21-д тохиож буй тус байгууллагынхан ойн баяраа угтаж хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулж байгаагийн нэг нь гэрэл зургийн үзэсгэлэн юм. Тус үзэсгэлэнд оролцохоор сайн дурынхан 200 мянга гаруй гэрэл зураг илгээснээс шилдгүүдийг түүвэрлэн олонд дэлгэхээр болжээ. Монгол, Румын, Балба, Камерун, Украйн, Колумб зэрэг арав гаруй орны өдөр тутмын амьдрал, зан заншил, үндэстний онцлогийг харуулсан гэрэл зургуудын дунд сайн дурын ажилтан Крис Де Брюний Монголд авсан зураг багтжээ. Тэрбээр “Би 2007-2009 онд Монголын Дархан аймагт багшилсан. Хичээл эхлэхээс өмнө өглөө эртлэн босож, овооны зургийг авсан нь энэ. Монголчуудын уламжлалт зан үйлд овоог гурван удаа нар зөв тойрдог. Ингэхдээ овоонд чулуу өргөдөг юм билээ. Би зургаараа энэ агшныг нийтэд сонирхуулахыг хичээсэн” хэмээн тайлбарлажээ.