“Ноолуур”-ын аялал жуулчлал

Үндэсний үйлдвэрлэл, аялал жуулчлалын бүтээгдэхүүний нэг стратеги нь ноолуур байх боломжтой. 18 микроноос доош нарийн ширхэгтэй кашмер нь Монгол, Хятадад байдаг. Харин 18-23 микронтой кашгор нь Энэтхэг, Иран, Ирак, Афганистаны ямаанд, 23-аас дээш микронтой бүдүүн ширхэгт ангор нь Орос, Энэтхэгийн ямаанд бий. Хятадын ноолуур үндсэн 2 өнгөтэй бол Монголын кашмер 4 үндсэн өнгөтэй. Ямар нэгэн будаг ашиглахгүйгээр эко бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой.

АХБ-ны тусламжтайгаар 2011-2013 онд Монголын нарийн ноолуур кашмерийг дэлхийн 33 улсын Оюуны өмчийн газарт “Монголын хаан ширхэгт” хэмээн бүртгүүлжээ. Монгол улс нийт ноолуурынхаа 75%-ийг “угаасан” байдлаар гаргаж, үлдсэн 25%-ийг эцсийн бүтээгдэхүүн болгодог ба Монголын аялал жуулчлалын салбар дахь гол орлого болдог.   

2018 онд ноолуурын салбарт 188.2 тэрбум төгрөгийн зээл эргэлдүүлснээр үйлдвэрлэлийн хүчин чадал 27%-иар өссөн байна. Эдүгээ цагт аливаа бүтээгдэхүүн үзэл санаа, түүх, философи агуулсан үнэ цэнэтэй болсон ба зар сурталчилгаа ч энэ чиглэлийг баримталж байна. Ямааг хэрхэн өсгөдөг, ноолуурыг хэрхэн авдаг, хэрхэн боловсруулдаг, ямар ч хольцгүй органик бүтээгдэхүүн хэрхэн үйлдвэрлэдэг зэргээр түүхчилсэн сурталчилгааг хөгжүүлж аялал жуулчлалд ашигламаар.  

Улирлын хязгаартай Монголын аялал жуулчлалын зах зээлийг “шоппинг тур” буюу “ноолуурын худалдан авалтын аялал жуулчлал”-аар өргөжүүлэх боломж бий. Намрын сүүлч, өвлийн саруудад том том зочид буудлууд, нислэгийн үнийг бууруулах, ноолуурын зах зээл дэх үйлдвэрлэлийг өргөжүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээг нэмэгдүүлэх зэрэгт чиглэсэн төрийн бодлого, компанит ажил,  төсөл хөтөлбөр хэрэгжүүлж Монгол руу зорих жуулчдын тоог өсгөх нь чухал. Үнэнийг хэлэхэд бэлчээрийн талхагдлын гол эзэн ямаа нь Монголын малын дотор 20, 30 саяар тоологдож байгаа хэрнээ бүрэн ашиглагдаж чадаж байна уу.

Дэлхийд алдартай “Станбулын шоппинг тур”, “Токиогийн хар 7 хоног” гэх мэт зөвхөн дэлгүүр хэсэгчдийг татаж чаддаг бодлогуудаас суралцах  хэрэгтэй мэт.

Ч.Буянбадрах