Дэлхийн бүх улс орнуудын шинэ хосууд өөрсдийн шүтлэг бишрэлийн сүмдээ гэрлэлтээ батлуулдаг байхад Монголд “Гэрлэх ёслолын ордон”-д батлуулдаг онцлогтой. 1974 онд Цэдэнбал Филатова-гийн санаачилгаар тус ордонг барих шийдвэр гарсан түүхтэй.
Ерөөлийн танхим дахь энэ “Бадамлянхуа цэцэг”-ийг 1976 онд 18 аймгаас авчирсан 18 эрдэнийн чулуугаар бүтээжээ. Ямар ч шавартай газарт ургахдаа маш цэвэрхэн ургаж дэлбээлдэг лянхуа цэцэг нь ариухан, цэвэрхэн бүхний бэлгэдэл юм. Хос морь, хос загас нь шинэ хосуудын хийморь сүлдтэй өнөр өтгөн гэр бүл болохын бэлгэдэл, хос хараацай нь шинэ хосуудад заяах үр хүүхдийн сайн сайхны бэлгэдэл, хос далавчит эрвээхэйг голд нь шигтгэсэн нь хосууд бие биендээ үнэнч байж гэрлэлт нь үерхэл нөхөрлөлийн цэвэр ариун бэлгэдэл байхын ерөөл ажээ. Бадамлянхуа цэцгийг саран чулуугаар урласан бол бусад чимэглэлд хаш, ногоолин гэх мэт үнэт чулуулаг хэрэглэснээр энергийн цөм нэгдлийг бий болгосон. Чулуу бол энерги хуримтлуулдаг хэмээн эртнээс нааш үзэж ирсэн. Энд ирсэн хосууд чулуунууд дээр нь гараа тавьж энерги аваад зогсохгүй магнайгаа хүргэн адис авдаг.
Гэрлэлтийн баталгаанд гарын үсэг зурдаг гол танхимын гэрлийн бүрхүүлийг Чех улсад, шилэн мозайк чимэглэлийг Ардын зураач Д.Амгалангийн зураг төслөөр, танхимын сийлбэрийн чуулган болсон хаалгыг Ардын зураач А.Сэнгэцохиогийн зураг төслөөр, хүндэтгэлийн ширээг УГЗ, сийлбэрч Л.Чуваамид нарын зургаар бүтээсэн байна.
УБ хотын төв цэгт Язгуурын таван бурханы бэлгэдэл болох “ганжир” болон Чойжин сахиус бүхий буддын сүмээр хамгаалуулан орших Гэрлэх ёслолын ордонд 1976 оноос хойш эдүгээ хүртэл 36000 хос гэрлэлтээ батлуулжээ.
Энд бас нэгэн сонирхолтой “үзмэр” бий. 1976 онд УБ хотод төрсөн хүүхдүүдэд “зэс медаль” олгодог байжээ. Медалийн агуулга нь Ардын зураач Д.Амгалангийн бүтээл бөгөөд сүх, нум сум, хонхны дүрслэлтэй. Сүх нь аливаа үйл бүтээхэд уран байх, нум сум нь үг хэлэнд цэцэн мэргэн байх, хонх нь тухайн хүүхэд хаана явааг мэдэгдэж дохиолж байхын илэрхийлэл болохоос гадна хөлийн гишгэдэл зөв, бэртэж гэмтэхгүй байхын бэлгэдэл болдог байна.
Гэрлэх ёслолын ордоны гадаах “өргөө гэр”-т гадаад хосууд, гадаад хүнтэй гэрлэсэн хүмүүс ирж гэрлэлтээ батлуулдаг. Жуулчны улиралд захиалгаар “Тэнгэр аялгуу” хамтлаг ирж 1 цагийн тоглолт үзүүлдэг үйлчилгээ ч бий. Гадаадын жуулчид 10000 төгрөг төлөөд “Хуримын ордон”-г үзэх бөгөөд түүнд тасалбарын оронд ил захидлын цуглуулгыг өгдөг. Дэлхийн өөр оронд байдаггүй “ГЭРЛЭХ ЁСЛОЛЫН ОРДОН”-г Хотын аяллын маршрутандаа оруулаарай.