1946-1970 онд “Чулуун тоочиг” хэмээгдэж, эхлээд япон цэргүүд, дараа нь монгол хоригдлууд чулуу бутлан бэлтгэж Сүхбаатарын талбай, хотын төвийн бүтээн байгуулалт руу зөөвөрлөж байв. 1970-1990 онд Чулуун тоочигийн хонхорт нуур тогтож монгол, орос иргэд усанд нь сэлж зугаацдаг, эргэн тойрон хүнгүй зэлүүд газар байжээ. Гэтэл 1990 оноос гэр хорооллын бүс суурьшиж нуурын хотгорт “хур хог” үүсчээ. Харин иргэн С.Өлзийтогтох 2012 оноос гэр бүл, найз нөхдийн хамтаар хур хогийг цэвэрлэсээр эдүгээ хүүхэд багачуудын саатах дуртай орчинг байгуулж, номын сан, хөгжмийн өрөө тохижуулж, цана тэшүүр, чарга, завины нөөцтэй болгосон.
Нуурын хойд энгэрийн орой дээрээс УБ хотыг гэр хорооллын орчинтой нь хамт харах боломжтой бөгөөд Зайсан II гэж хэлж болохоор. Жуулчдад зориулсан хотын аяллын маршрутаа энэхүү “Уулын нуур”-аар баяжуулах боломжтой. Орчны гудамжууд цэвэрхэн, шавар шавхай үүсэхээргүй чулуулаг замтай нь давуу тал. Мөн хотыг хойд талаас нь урагш тольдон харах нь жуулчдад таалагдана.
Уулын нуур руу жуулчин дагуулан очиж буй аяллын компаниуд нэг хүний 10000 төгрөгний хураамж төлж заншвал нэг талаас С.Өлзийтогтохын санаачилга, хөдөлмөр зүтгэлийг үнэлнэ, нөгөө талаас гэр хорооллын орчинд Монголын ирээдүй хойч болсон хүүхдүүдийн чөлөөт цагаа зөв, аюулгүй орчинд өнгөрүүлэх боломж бүрдэх юм.
Энэ нуурын орчинд зочдод зориулсан монгол
гэр, тарьж ургуулсан мод бут, ногоон зүлэг, дугуйгаар зассан явган шат, сандал сүүдрэвч,
алсыг харах тавцан, бие засах газар зэргийг байгуулжээ. Сайн санаачилгыг дэмжицгээе, хүмүүс ээ!