Горхи - Тэрэлж хэмээх байгалийн цогцолборт газар 1954 оноос хойш гадаад дотоод жуулчдыг соронздон татсан Аялал жуулчлалын бүс юм. Гэвч энэ соронзон болсон газар ямар байдалтай байна вэ. Урьд өмнө жижиг горхи урсаж байсан замын доод тал нь намгархаг, ус чийг, борооны ус тогтдог байсан бол эдүгээ жуулчны баазууд эгнэж, гэр хороолол төвлөрчээ.
Үүд – Хураамж авдаг үүдний хэсэгт аятайхан задгай хаалга хийж олигтойхон гарчиг тавих хэрэгтэй. Аливаа үүдний өнгө үзэмж олон утга илэрхийлдэг. Хураамж авдаг харуул манаачийн өнгө зүс, харилцааны соёлыг сайжруулмаар санагддаг. Арай л баргар байдалтай байх юм.
Хашаа – Хүүхэн уулын хормой, Аръяабал сүм хүрэх зам тэр чигээрээ хашаагаар дүүрсэн. Солонгын долоон өнгөөр будсан, байгальтайгаа зохицоогүй шорон мэт харагдана. Орчинд нь морь унах, явган алхах газар байхгүй болтол нь хашаагаар хашсан. Уулын хаяагаар өмхий үнэртэй, салфеткан цаас хаа сайгүй. Хашааны өндөр нам, өнгө будагт стандарт тогтоож, хашаа хоорондуур гарах зай завсар, явган зам үлдээмээр юм.
Зам – Төв замаас салаад Мэлхий хад орох зам тэр чигээрээ хонхор, гүдгэр. Зогсох газар олдохгүй, энд тэндгүй хогтой, тэр замаар явсан машин болгон тоос шороо босгоно. Мэлхий хад руу явах замыг яаралтай засмал болгож зураг авах дундын зогсоолыг аятайхан тохижуулах хэрэгтэй.
Хаягийн самбар – Нисэх буудалд цаасан дээр жуулчны нэр бичээд тосдог шиг замбараагүй. Хэт том, эсвэл жижигхэн, яйжийж жаажийсан, өнгө будаг нь халцарсан самбаруудыг дуртай газраа зоосон харагддаг. Замын хажуугийн хаягийн самбар хэрхэн байгуулах талаар зааварчилга өгч, хэмжээ нь ижил байх стандарт мөрдүүлэх хэрэгтэй. Харин доторхи агуулга, өнгө үзэмж нь тухайн байгууллагын сонголт байж болно.
Тэрэлжийн гэр хороолол – Яг л алтны нинжа нар шиг Монголын өнцөг булан бүрээс “мөнгө олохоор ирсэн” айлууд. Бэлчээрийн талбайг хамгаалахын тулд хонь ямаатай айл буулгадаггүй байв. Одоо бол мал сүрэг нь “багширсан” нутаг болсон. Увсынхан, Ховдынхон, Говийнхон гэж ялгарна. Арай гэж нэг “монгол” айл олоод жуулчид очуулж орлого оруулаад өгөхөөр жилийн дотор “эвдэрч” зах зээлээ өргөтгөж байна гэж гэрүүд нэмж бариад нэг “монгол” айлаас алгуур аажим “эзэнгүй монгол гэрүүд” болж хувирна. Амьд харилцаа байхгүй, хоосон гэрт зочноо үлдээчихээд завгүйгээ гайхаад алга болно. Жуулчны компаниуд “Тэрэлжид монгол айлд зочилж, нүүдэлчин ахуй амьдралтай танилцаж, тэдэнтэй хамт цагийг өнгөрүүлнэ” гэж сурталчилсан хэвээрээ л байна. Тэдгээр айлууд мөнгө олоод байгаа хэрнээ модон жорлонгоо өнгө үзэмжтэй, үнэр танаргүй байлгаж, хаалга үүд хийх тухай боддог ч үгүй.
“Хаадын хаан” морин цирк – хэдэн морь унуулдаг залуучууд тэнд байрлаад багагүй л хугацаа өнгөрлөө. Жуулчны компаниуд дэмжих хэрэгтэйгээс гадна өөрсдөө нэг жуулчинтай байсан ч хамаагүй тоглолтоо тогтмол цагт өдөр бүр үзүүлээд байвал уг нь хурдан л “босоод ирмээр”. Гэтэл зорилго нь яг юу вэ гэдгийг мэдэх юм алга. Яахыгаа мэдэхгүй хэдэн нөхдүүд яваад байх шиг.
Тэрэлжийн автобус – зуны улиралд жуулчид ихээр зорчдог. Ямар ч тайлбар байхгүй, яг л уйтгартай нийтийн автобус, үе үе хулгай гарна. Автобусны зогсоол гэх шууд ойлгогдох газар байхгүй. Тэмдэглэгээ байхгүй, цагийн хуваарь бичсэн самбар ч байхгүй, зорчигч хүлээх сандал ч байхгүй.
Удирдлага - Энэ бүс эзэнтэй юу, хэн удирддаг вэ? Налайхын 6 дугаар хорооны засаг дарга нь Тэрэлжийн дарга уу? Энэ хороон дотор Тэрэлжийг хариуцсан засаг захиргаааны дарга байна уу? Хэрвээ байдаг бол тэр хүн юу хийдэг вэ? БОАЖЯ-нд Тэрэлжийг хариуцсан дарга удирдлага байгаа байх. Чухам юу хийдэг, ямар үүрэг рольтой вэ?
Яах ёстой вэ? - Тэртээ тэрэнгүй “танайх энэ бүсээс гар, нүү, яв” гэж хөөгөөд нэмэргүй болчихсон энэ бүс нутагт одоо бодлого оруулаад дотор нь цэгцлээд өгмөөр байна. Тэрэлжийг “аялал жуулчлалын интертаймент бүс” болгох хэрэгтэй. Жуулчны бааз, ресорт, буудлууд нь замынхаа дээд талд төвлөрч, замын доод талд гольф, боулинг, спортын талбай, морин тойруулга, караоке, диско бүжиг, дуу хөгжмийн тайз, түргэн хоолны газар, шарсан мах хорхог гээд үндэсний хоолны асар, автомат тоглоомын газар, хүүхдийн тоглоомын талбай, алсыг харах тавцан, од эрхэс харах дуран бүхий тавцан гэх мэтийг байгуулах чиглэл барих хэрэгтэй. Богино зайн нислэг үйлдэх, завины аялал хийх, агаарын бөмбөлөгөөр нисэх, агаарын дүүжингээр явах, дөрвөн дугуйтаар аялах, зиплайн хийх, хадан хананд авирах, далбаат тэргэнцрээр аялах, ердийн хөсгөөр аялах гэх мэт үйлчилгээнүүдийг ч замын доод талд өргөн уудам зайд төвлөрүүлэх хэрэгтэй. Шинээр газар авах хүсэлт гаргасан, эсвэл одоо байгаа аж ахуйн нэгжүүдэд нь эдгээр үйлчилгээг нээх чиглэлд бодлого оруулж дэмжих хэрэгтэй. Зөвхөн энэ бүсийн онцлогийг харуулсан бүтээгдэхүүн бүхий бэлэг дурсгалын дэлгүүр болон тухайн бүсийн мэдээллийн төв, байгалийн музей зэргийг хамтад нь үүдний орчинд байгуулчихвал жинхэнэ утгаараа дэлхийн бусад оронд байдаг шиг үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ерөнхий төрх байдал харагдах юм.
Туул голд цутгадаг Тэрэлж голын эрэг дагуу байрлалтай, мөнгөний төлөө улайраад явчихсан “гэст хаус” нэртэй айлуудад нь стандарт оруулаад хяналт тавиад эргэн тойрных нь хогийг нь түүлгээд, аргалаа түлж газраа цэвэрлэ гэж шаардах хэрэгтэй. Модтой газар байж аргал түлээд байхдаа яадаг юм бэ гэж цамаан загнадаг хүмүүс чинь тэд нар шүү дээ. Хажуу жалга нь нил хог, хогон дотроо хонь гаргаж хорхог хийдэг уламжлал тогтоод удаж байна.
Монгол жуулчдын майхан барьж буух бүсийг нь тогтоож өгөх хэрэгтэй. Аль ч улс оронд хувиараа аялагчдын буудаг тусгай бүс бий. Тэнд гал түлэх, хог хаях, сууж амрах бүхий л цэг, нийтийн ариун цэврийн газар байгуулах хэрэгтэй.
Тэрэлж хэмээх ямар ч жуулчинд алдартай энэ бүсийг цаг хугацаа алдалгүй хурдан “цэгцлэх” хэрэгтэй болжээ. Өөрөөр хэлбэл, Горхи – Тэрэлжийг хөгжүүлэх 2030 он хүртэлх бодлого, төлөвлөлт буюу ерөнхий план зураглал хэрэгтэй.
Ч.Буянбадрах