Манжуур: Манжуур хот нь БНХАУ-ын Хөлөнбуйр аймгийн баруун хойд хэсэгт Хөлөнбуйрын тал нутагт оршино. Тус аймаг нь хойд талаараа ОХУ-тай 54 км хиллэдэг. Түүхийн цаг хугацаанд энэ хот буй газарт хүннү, дунху, кидан, сяньби, монгол гэх мэт янз бүрийн үндэстэн овог аймаг амьдарч байжээ. Манж Чин гүрний үед Аргун голоор тусгаарлагдаж Орос Хятадын хилийн зааг дахь суурин газар болжээ. 1901 онд Орос – Хятадын хэлэлцээрийн дагуу төмөр зам барьснаар Сибирь, Алс дорнодыг холбосон Манжуур хэмээх өртөө газар байгуулагдаж үндэс суурь нь тавигджээ. 1909 онд Хятадын Хуйлунзян мужийн Лубинь гацаа, 1932 онд япончуудын байгуулсан Манж-Го улсын нутаг дэвсгэр байсан бол 1941 онд Синянь мужид харъяалагдсан Манжуур хот болжээ. 1949 онд БНХАУ байгуулагдсанаар Манжуур нь ӨМӨЗО-ны Хун аймгийн бүрэлдэхүүнд багтжээ. 1992 онд Манжуурыг худалдааны нээлттэй бүс болгон зарлаж, 1997 он хүртэл бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэнд нь Хятадын Засгийн газраас 2 тэрбум доллар зарцуулсан байна.
20 жилийн өмнө оршин суугчдынх нь амьдрал дорой, ядуувтар жижиг хот байсан Манжуурыг олон хөлийн газар буюу аялал жуулчлалд тулгуурласан хилийн худалдааны томоохон боомт хот болно гэж хэн ч төсөөлөөгүй юм. Эдүгээ 320 мянган хүн амтай, Орос – Хятадын төмөр замын гарц болсон боомт хот болжээ. 2000 онд 610 мянган жуулчин хүлээн авч байсан бол 2006 онд 2.7 сая жуулчин, 2014 онд 5 сая жуулчин хүлээн авч аялал жуулчлалаас олох орлого нь 300 сая ам доллар давсан байна. Жуулчдын 53% нь Манжуур хотод 700 – 1100 юаны орлого үлдээдэг ажээ. Манжуур хот нь ийнхүү хурдтай өсөлтөөрөө сүүлийн 10 жилийн дотор “Хятадын аялал жуулчлалын шилдэг хот”, “Бүх Хятадын соёлын хот”, “Бүх Хятадын үлгэр жишээ хот” шагналуудыг хүртжээ.
Манжуур хотын байшингууд нь орос хэв загвараар баригдсан байдаг. Алтан оройт, бөмбөгөр дээвэртэй, тод хээ угалзтай гэх мэт оросын хэв загвар нэвт шингэсэн байхаас гадна орос дуу хөгжим эгшиглэх нь түгээмэл. Хотын төв талбайд нь Манжуур хотын 100 жилийн ойд зориулсан хөшөө бий. Талбайн барилга, архитектур нь европ хэв маягаар баригдсан онцлогтой. Хөгжимт оргилуурын талбай нь зуны улиралд хүмүүсийн очиж үзэх дуртай газрын нэг. Хөгжмийн ая эгшгэнд тохируулан гэрлийн өнгөөр солонгорон оргилох усан оргилуурын дэргэд хөгжим сонсож бас хөл нийлүүлэн бүжиглэж болно.
Орос Манжуурын хилийн боомт өдөр бүр 24 цагаар ажиллаж өдөр бүр Орос – Манжуурын хооронд нислэг, галт тэрэг явж, зорчигч тээврийн 20 гаруй автобус явж байна. Орос хоолны газраас эхлэн барааны дэлгүүр, зочид буудал, караоке, цэнгээний газар гээд оросуудад зориулсан бүхэн бий. Оросоор бичсэн реклам чимэглэл хаа сайгүй үзэгдэж хятад худалдагч нар бүгд оросоор мэндэлнэ.
Матрёшка талбай: Энэ талбайд 6 том, 200 ширхэг жижиг матрёшка байдгаас гадна өнгө өнгийн 30 өндөг байдаг. Талбайн голд таван давхар матрёшка хэлбэрт байшин бий. Эдгээр олон матрёшка нь зүгээр нэг үзмэр төдий биш бөгөөд дотор нь бэлэг дурсгалын дэлгүүр түргэн хоолны цэгүүд ажилладаг. Жуулчны ид улирал буюу 7-8 дугаар сард зочид буудал хүрэлцдэггүй тул Матрёшка талбайд өргөтгөл хийж зоогийн газар бүхий 20 давхар, мөн адил матрёшка хэлбэрт зочид буудал шинээр ашиглалтанд оруулжээ. Манжуур хот нь үслэг эдлэлийн бүтээгдэхүүн, арьсан гутлаараа алдартайгаас гадна матрёшка тоглоомын худалдаагаар алдартай. Ялангуяа орос жуулчид өөрсдийнхөө үндэсний тоглоомыг үнэ хайрлахгүй худалдан авдаг. Тийм учраас энэхүү талбай нь модон хүүхэлдэйн хотхон болтлоо өргөжин тэлж Манжуур хотын бас нэгэн гайхамшиг нь болж чаджээ. Тус талбайтай хаяа дэрлэн Оросын сансрын нисгэгч Ю.А.Гагарин, I Петр хаан, алдарт Волгорадын хөшөөд үргэлжилнэ.
Амь үрэгдсэн баатаруудын дурсгал: Манжуур хотын хоёрдугаар гудамжинд Зөвлөлтийн Улаан армийн дайчдын дурсгалд зориулсан хөшөө цогцолбор бий. Тус хөшөө нь 1945 онд баригдсан бөгөөд Манжуурын цэцэрлэгт хүрээлэнд байдаг. Дэлхийн II дайнд амь үрэгдсэн зөвлөлтийн дайчдад зориулан барьжээ.
Далай нуур: Хятадын цэнгэг уст нууруудын тавдугаарт бичигдэх том нуур бөгөөд Манжуур хотоос өмнө зүгт 36 км зайтай. Нутгийнхан Хөлөн нуур гэх бөгөөд 2600 км.кв талбайтай, 5 м гүнтэй. 30 гаруй төрлийн загас ба сам хорхойтой. Байгалийн тэнцвэрт байдлыг хадгалахын тулд загасны үржлийн үед загас агнуур хийхийг орон нутгийн захиргаанаас хориглосон байдаг.
Мөсөн хотхон: Манжуур хотод өвлийн аялал жуулчлалын хүрээнд жил бүр мөсөн хотхон зохион байгуулж, цас мөсний баяр зохион байгуулдаг уламжлал тогтжээ. Жил бүр том том мөсөн баримал хийж шөнийн цагаар өнгө өнгийн гэрлээр гэрэлтүүлэх нь газар газрын жуулчдын сонирхлыг зүй ёсоор татдаг. Энэ баярт Манжуур хотынхон эртнээс бэлдэж жуулчдад зориулан онгоцны буудал, төмөр замын буудал, томоохон зочид буудлын өмнө том том цас мөсөн байгууламж барьж, өнгө өнгийн гэрлээр чимэглэдэг. Манжуурын цэцэрлэгт хүрээлэнд 20000 кубметр цас, 8000 кубметр мөс ашиглаж Мөсөн хотхоныг байгуулдаг ба энэ бүтээн байгуулалтыг 50 орчим уран бүтээлчид 1 сарын дотор хийж гүйцэтгэдэг ажээ.
Арслан зааны хөшөө: Манжуурынхан өөрсдийнхөө нутгийг эртний арслан зааны өлгий нутаг хэмээн тодотгоно. Хөрсөн дороос нь хэдэн сая жилийн настай арслан зааны соёо, яс зэрэг ховор үзмэрүүд олддог. Түүнийгээ бэлгэдэн томоос том хөшөө байгуулжээ.
Залуусын хуримын сүм: Янаг амрагийн арал гэж сүржин нэрлэгдэх арал дээр тэврэлдэн суугаа залуу хосуудын баримал байх ба 10 орчим метр өндөр. Мөн Залуусын хуримын сүм байх ба цаахан талд нь хуримын 10 жил, 20 жил, 30 жил, 40 жилийг бэлгэдсэн том чулуун баримлууд бий. Хятад залуучууд бал сарын аяллаар Манжуур хотод их ирдэг болжээ. Нэгэнт бал сараа тэмдэглэх гэж ирсэн бол цаашлаад 10, 20 жилийн дараа ч дахин ирэхийг уриалж бэлгэдсэн хөшөөнүүдийг босгосон учиртай ажээ.
Мэдээллийг боловсруулсан Ч.Буянбадрах