Богд хааны ордон музей Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойд зориулан дэглэсэн 2 дахь үзэсгэлэнгээ дэлгээд буй билээ. 8 дугаар Богдын хатан Дондогдуламын эдэлж, хэрэглэж байсан хувцаснаас бүрдсэн “Монгол төрийн хатан эрдэнэ-Эх дагина” үзэсгэлэнг үзэх гэсэн олны хөл тасрахгүй байгаа ажээ. Өвлийн улиралд өдөрт 30-40 үзэгчтэй байдаг тус ордон музейд өнгөрсөн сарын 27-ноос хойш өдөр бүр 100 гаруй зочин айлчилдаг болжээ. Тэр ч бүү хэл Хэнтий аймгийнхан зохион байгуулалттайгаар хүрэлцэн ирж, нутаг нэгтэй хатныхаа эдлэл, хэрэглэлийг сонирхоод ордон музейг сонирхоод буцсан байна. Уг үзэсгэлэн энэ сарын 15 хүртэл үнэ төлбөргүй үзэгчдийн мэлмийг мялаах гэнэ.