Хубилай хааны Дээд нийслэл Шанду хот:
НҮБ-ын судлаач
шинжээч “Юань гүрний дээд нийслэл Шанду хотын түүх байхгүй бол Монголын түүх,
дэлхийн түүх дутуу болно” хэмээн тэмдэглэжээ. Үүнээс үзэхэд Юань гүрний дээд
нийслэлийн үнэ цэнэ, байр суурь ямар байсныг илтгэж байна.
Алтанхуа-гийн тал, Шанду голын хойд эрэгт нэгэн том хэмжээний эртний хотын туурь үлдсэн байдаг. Энэ нь 750 гаруй жилийн өмнөх “Юань гүрний Дээд нийслэл” юм. Юань гүрний хөгжил, улмаар хятадын цоо шинэ түүхэн үе шатууд энэ хотоос эхлэлтэй. Хятадын түүхэн дэх хамгийн том тал нутгийн нийслэл хот байжээ. Эдүгээ Шанду хотын туурь нь Өвөрмонголын Шулуун хөх хошууны нутагт, Шилийн гол аймгийн Долоннуур тойргийн төвөөс баруун тийш 28км, Бээжин хотоос чанх хойш 275км зайд оршдог. Хотын өмнө хэсгээр “шанд” хэмээх гол урсдаг ба монгол бичгээр “шанду” хэмээн бичдэг, хятадаар “шань ду” гэдэг нь “дээд нийслэл” гэдэг утгыг илэрхийлдэг учраас энэхүү нэршлүүд давхацсанаар Шанду хот хэмээн алдаршжээ.
Анх 1260 оны 6-р сард Хубилай хаан Кайпин буюу Шанду хотноо өөрийн талын ноёдоор хүрээлүүлэн “Их хуралдай” хуралдуулж өөрийгөө хаан ширээнд өргөмжилсөн. Кайпин хотыг байгуулах зарлигийг 1255 онд Мөнх хаан гаргаж барьж байгуулах ажлыг 1256-1259 онд гүйцэтгэжээ. Хубилай хаан 1263 онд зарлиг гарган Кайпин хотыг “Юань улсын Дээд нийслэл” хэмээн зарлаад “Шанду” хэмээн нэрийдсэн.
Шанду хот нь Хархорум хотын дараа орох хоёр дахь том хот болон хөгжиж, арьс шир боловсруулах үйлдвэрлэлээр тэргүүлж байв. Хааш хаашаа 2200м үргэлжилсэн тэг дөрвөлжин хашаатай “Гадаад хот”, зүүн өмнө хэсэгт хааш хаашаа 1400 м үргэлжилсэн тэг дөрвөлжин хашаатай “Дотоод хот”, хааш хаашаа 500м үргэлжилсэн урт хашаатай “Хубилай хааны зуны ордон буюу Хэйвэн ордон” гэсэн гурван үндсэн хэсгээс бүрддэг ба ид цэцэглэн хөгжиж байхдаа 100 мянган хүн амтай байжээ.
1369 онд Мин улсын арми хотыг эзэлж, галдан шатааснаар Шанду хот мөхсөн юм. 2002 оноос хамгаалалтанд авах ажил эхэлж 2008 онд Хятадын Засгийн газраас ЮНЕСКО-гийн Дэлхийн өв соёлд бүртгүүлжээ. Энэхүү Дээд нийслэлийн туурийг харьцангуй сайн хадгалагдсан гэж үзэж байна. Одоогийн туурь 1430 оноос хойш хадгалагдсан туурь бөгөөд “Хубилай хааны ордон хот”, “Дотоод ордон”, “Гадна ордон”-оос гадна хотын ус зайлуулах систем, зээлийн гудамж, булш, хотын хэрэм, хотын хаалга, зам, сүм хийд, худалдааны төв, орон сууц, сан хөмрөгийн байшин, одон орныг судлах төв зэрэг барилгын ором үлджээ.
Шанду хот нь умардын нүүдэлчдийн соёл иргэншлийн бүс нутаг, өмнөдийн газар тариалан эрхлэх хятадын соёл иргэншлийн бүс нутгийн газарзүйн уулзвар газар болдог онцлогтой. Шанду хот нь монголчуудын сэргэн мандалт, хөгжил цэцэглэлт, хятад газрын зам харилцаа ба худалдаа наймааны чухал цэг болж монгол хятадын өвөрмөц нэгдлийн түүхийг харуулсан чухал баримт бүхий дурсгал юм.
Шанду хот болон Дайду (Одоогийн Бээжин) хоорондоо 270 км
зайтай. Шанду хот нь Яньшань уулын ар талд, Дайду хот нь Яньшань уулын өвөр
талд байрлаж байжээ. Дайду хот нь анх Алтан улсын нийслэл гэгдэх Янь Жин хот
байсан бөгөөд 1264 онд Хубилай хаан Жунду хэмээн нэрийг нь өөрчилснөөр Жунду нь
жинхэнэ нийслэл хот, Шанду нь туслах нийслэл хот болсон байна. Хубилай хаан
хожим Жунду хотын нэрийг “Их нийслэл буюу Дайду” гэдэг нэрээр өөрчилжээ. Дайду
гэдэг нь “Хаан балиг буюу Их нийслэл” гэсэн утгатай аж. Хубилай хаан Монголын
эзэнт гүрний нийслэлийг Хархорумаас 1260-1264 онд Шанду руу, 1264 оноос Дайду
хот руу тус тус шилжүүлсэн юм. 1271 онд Хубилай хаан улсынхаа нэрийг “Юань”
хэмээн өөрчилсөн бөгөөд энэ нь “уг үндэс, язгуур угсаа” гэсэн утгатай ажээ.
Хожим Европод Шанду хот нь “Мөрөөдлийн хот Занаду” хэмээн
нэрлэгдсэн байдаг. Хубилай хаанаас хойш 500 жилийн дараа “төрсөн” түүний тухай
алдарт шүлэг. Английн эзэн хааны утга зохиолын нийгэмлэгийн жинхэнэ гишүүн,
яруу найрагч Самуэл Тэйлор Коларажийн 1797
онд зохиосон “Хубилай хаан” шүлэг нь дэлхийн зуун шилдэг яруу найрагт тогтмол
шалгарч, эдүгээ ч англи хэлт уран зохиолын судлагдахуун болсоор иржээ. С.Колараж
нь тухайн цагийнхаа авъяас билэг төгөлдөр гарамгай зөнч найрагч байсан ба
тэрбээр Хубилайн хааны байгуулсан анхны нийслэл Шанду хотод хэзээ ч хөл тавьж
байгаагүй хэрнээ зүүд нойрондоо тус хотоор аялжээ. Тус шүлэгт өгүүлэх Шанду
хотын тухай Италийн алдарт жуулчин Марко Поло “Мөрөөдлийн хот Занаду” хэмээн аяллын
тэмдэглэлдээ бичиж баруун Европын орнуудад таниулсан байдаг.
Урьд цагт энэ уул руу хэн ч ойртдоггүй байжээ. Ойр хавиар нь дураараа явсан, эсвэл оройд нь гарсан хэн нэгэнд заавал ямар нэгэн таагүй зүйлтэй тулж байдаг учир битүүлэг уул байжээ. Эдүгээ их тахилга үйлдэж аргаддаг болсноор өөрийн төрж өссөн Монгол нутаг руугаа харан нойрсож буй Чингис хааны дүрээр тодрон үзэгдэх болсон гэдэг. Мөргөл үйлдэх орчинг бий болгож, сангийн бойпор, өргөлийн идээ тавих тавцан зэргийг байрлуулж тахилга үйлддэг болсноос хойш өвөр нутгийн монголчуудын аж амьдрал сайжирч, хот орон нь гайхалтай хурдан хөгжин цэцэглэж буй хэмээн ярьцгаадаг. Тахилгын үеэр бүтэн үхэр, бүтэн хонийг тус бүр 2-3-ыг тусгайлан гаргаж хэлбэрийг алдагдуулалгүй бүхлээр нь шарж өргөл болгон өргөдөг уламжлалтай. Нарийн ёс дэг үйлдсэний дараа дуу хуур сонсгон уул усныхаа сонорыг мялаадаг. Тахилгад оролцогсод өргөл барьц өргөхөөс гадна өөрийн хүсэл мөрөөдлөө даатган хүсэж, нэр алдраа хэлэн мэдүүлдэг байна.
Алтан ургийн овоо: Их Монгол Улсын тав дахь их хаан Хубилай зарлиг гаргаж “Алтан урагийн өвөг дээдэст зориулж овоо байгуулан жил бүр тахиж иржээ. Гэтэл Манжийн эзэрхийллийн үед тахилга нь хоригдож, нутгийн ардууд нууцаар хаа нэг очиж мөргөдөг байжээ. Хожим Хятадын “Соёлын хувьсгал”-ын үеэр “Алтан урагийн овоо” гэдэг хүндтэй нэрийг нь “Үхэрчин” гэдэг нэрээр сольсон ч тахилга нь олигтой сэргээгүй байна.
Сүүлийн хэдхэн жилд цагийн аяс нааштай эргэснээр Өвөр нутгийн монголчууд сэргээн тахиж байгаа аж. Сүүлийн 300 гаруй жилийн хугацаанд Ар Монголоос хүн ирж овоонд хүндэтгэл үзүүлээгүй байна. Эртнээс нааш эмэгтэй хүн гарах хориотой. Их хаан Хубилай энэхүү “Алтан урагийн овоо”-г сүрлэг өндөр, байгалийн үзэсгэлэнт уулын оройд байгуулсан бөгөөд энэ уулын бүсэд хот тосгон, тариачид бараг байхгүй онгон дагшин газар юм. Эдүгээ Өвөрмонголын Шулуун хөх хошууны нутагт бий бөгөөд 750 орчим жилийг элээжээ.
Долнуур: 1631 онд Өвөрмонголын, 1692 онд Долнуурын гэрээ гэгчийг байгуулж Халх Монгол Манжийн харъяанд орсон. Монголын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний үеэр Таван замын цэргийн захирагч жанжнаар Манлай баатар Ж.Дамдинсүрэн томилогдож, Өвөрмонголын нутагт хятадын цэрэгтэй дайтан Эзний гол, Ноён уул, Алшагийн орчим, Шанду, Үхэрчин уул, Шулуун хөх хошуу, Долнуур, Бяруу хот, Хөх хот, Хөвөө шар хошуу зэрэг олон газарт ялалт байгуулсан билээ. Энэхүү Таван замын байлдаан нь 1914-1915 оны “Хиагтын гурван улсын хэлэлцээр”-ийн дараа зогссон юм. Богд хаан энэхүү Таван замын байлдаанд гавъяа байгуулсан 101 хүнд баатар цол олгож байсан түүхтэй.
Долнуур хотод 1930-1940 онд Дэндэв тагнуулч ажиллаж байжээ. Орон нутгийн дээрэмчдийн бүлэг, америк хүмүүс хэдийд ямар зорилгоор ирсэн, японы зэр зэвсэг агуулагдаж буй газрыг илрүүлэх гэх мэт үүрэг гүйцэтгэж байжээ.
1945 онд Монгол Зөвлөлтийн цэрэг Японд дайн зарлаж, 8-р сарын 10-ны өдөр Дарьгангаас Долнуур, Жэхэгийн чиглэлд 950 гаруй км зам, Сайншандаас Чуулалт хаалган хүртэл 500 км гэсэн хоёр замаар давшиж, Долнуураас Японы нэлээд цэрэг офицерийг зэвсгийн хамт олзолж байжээ.
Шилийн гол: Шилийн гол бол Шилийн гол аймгийн нийслэл Шилийн хотоор 120 км урсан өнгөрдөг. Шилийн голын хамгийн сайхан үзэмжтэй хэсэг нь Шилийн хотоос өмнө 15км зайд байрладаг. Газрын байцаас шалтгаалж мурий сарий болохоор хүмүүс “Тохой олонтой гол” гэдэг аж. Тохой олонтой Шилийн голын орчинд кино телевизийн уран бүтээлчид зураг авалт хийх дуртай. 1983 онд Хятад Италийн хамтран бүтээсэн “Марко Поло” түүхэн киноны нэлээд хэсэг зураг авалтыг энд хийсэн байна.
Түүхэнд Шилийн голын тал нутаг нь Үзэмчин, Хожит, Авханар, Авга, Сөнид таван холбооноос бүрэлджээ. Авга аймаг нь Чингис хааны дүү Бэлгүдэйн хойчис буюу харчууд болох бөгөөд тэд өнөөг хүртэл тал нутгийн нүүдлийн соёл, зан заншил, хоол унд, дуу бүжиг, хурим найрын дэг жаягаа хадгалсаар иржээ. Шулуун хөх хошуунд цагаан идээ боловсруулах соёл заншлаараа алдаршиж үе үеийн хаадад алба барьдаг байжээ. Шулуун хөх хошууны монгол хэлийг хятадын орчин үеийн монгол хэлний стандарт авиа, тухайлбал монгол хэлний нийтлэг хэл болгосон байдаг.
Ажаа гэгээний хийд буюу Бэйсийн сүм: Өвөрмонголын буддын шашны 4 том хийдийн нэг бөгөөд 1743 онд баригдаж эхэлжээ. Гол цогчин дуган, Чойрын дуган, Мянганы дуган, Жодбын дуган, Лаврангийн дуган, Манбын дуган зэрэг сүмүүдтэй. Сүмийн хаалгануудын дэргэд гол талбай болон халхавч хэрэм байдаг. Зүүн баруун тийш нэвтрэх замтай, богино хэрэм барьж талбайг битүүмжилсэн байдал нь буддын сүмийн хэлбэр хийцийн хувьд ховор ажээ. Бэйсийн сүм бол монгол хятад үндэстний хамтран бүтээсэн эртний барилгын чухал дурсгал бөгөөд Шилийн хот үүссэн газар юм. Тийм учраас одоогийн Шилийн хотын түүх нь Бэйсийн сүмтэй салшгүй холбоотой ажээ.
Хожим Бэйсийн сүмд Ажаа гэгээний наймдугаар дүр буюу Юндэндорж шавилан сууж байжээ. Ажаа гэгээн нь Хөх нуурын Долоон нуурын дэргэд бар жилийн бар өдрийн бар цагт мэндэлсэн бөгөөд Хөх нуурыг тойрсон Монголын 24 хошууны нэг Бэйсийн хошууны харъяат ажээ. 1958 оны Хятадын соёлын хувьсгалын үеэр эрдэм номтой, алдартай бүх лам нарыг баривчлан шоронд хорьж, ламын ёсноос нь хүчээр салгасан үед тус сүм лам наргүй болж эзэнгүйджээ. Бэйсийн сүмийг хийд биш музей маягтай болгосон ба 1976 онд Мао Зэ Дун нас барж, Дэн Сё Пин дарга гарч ирснээр 1980 оноос хийдийн үйл ажиллагаа сэргэсэн байна.
1989 онд Ванчинбогдыг нас барсны дараа хойд дүрийг нь тодруулах Далай багшийн эрхийг хориглож Хятадын засгийн газраас өөрсдөө тодруулсан ажээ. Шинээр тодорсон Ванчинбогдын багшаар Ажаа гэгээн Юндэндоржийг томилсон нь хүлээн зөвшөөрөх аргагүй үйлдэл болсон тул Ажаа гэгээн 1998 онд Бэйсийн сүмийг орхин АНУ-д цагаачилж, Сан Францискод хоёр жил болоод Далай ламын хүсэлтээр Индиана мужид “Монгол Төвдийн соёлын төв”-д морилж үлджээ.
Эрдэнэ Овоо: Шилийн хотын хойд дүүрэгт байрладаг. Эрдэнэ-Овоо нь 1753 оноос эхлэн байгуулсан 13 овоо ажээ. 13 овоо тус бүр өөр өөрийн бэлгэдэлтэй. Жил бүр билгийн тооллын 5-р сарын 13-ны өдөр тахиж, нүүдлийн соёлын баяр буюу Шилийн хотын нэгэн баярын өдөр болгон тэмдэглэдэг заншилтай.
Монгол Юаний соёлын хүрээлэн: Шилийн хотын Хэшигийн хөгжлийн бүсэд байрладаг Монгол Юаний соёлын хүрээлэн нь Юан гүрний үеийн түүх соёлыг бүх талаар харуулсан аялал жуулчлалын бааз юм. Бүтээн байгуулалтын агуулга нь Монгол Юаний соёлын музей, угсаатны зүйн ордон, хурлын төв, үндэстний дуу бүжгийн театр болон түүхэн нэрт хүмүүсийн баримлууд болно.
Соёлын хүрээлэнгийн талбайд Хубилай хааны морьт
хөшөөг голд нь байрлуулж эргэн тойронд нь олон тооны зөвлөх, баатар жанжид,
хатадын дүрийг хөшөө болгон бүтээж байрлуулсан байдаг. Түүх соёлын музей нь 10
гаруй үзмэртэй гэх бөгөөд Юань гүрний түүхэнд холбогдох зарим нэг чухал
олдворыг дэлгэн үзүүлж, тухайн үеийн монгол өрх айлын соёлыг уран сайханы
дүрслэлээр бүтээж дэлгэсэн үзмэрүүдтэй.
Эмхэтгэсэн: Ч.Буянбадрах