Ханжоу хот: Эртний Сүн гүрний нийслэл байсан Ханжоу хот 9 сая хүн амтай. Хятадын тэрбумтан Жак Ма-гийн үүсгэн байгуулсан Alibaba корпорацын төв нь энэ хотод байрладаг.
Хятад бол эртний уламжлалт цайны орон. Эдүгээ Хятадад хар, ногоон, өвсөн гэх 3 төрлийн цайг өргөн хэрэглэдэг. Ногоон цайнаас хамгийн алдартай нь “лунжин” бөгөөд Ханжоу нутгийн бренд. Нэг кг лунжин цайг бэлтгэхийн тулд 70-80 мянган нялх навч хураах шаардлагатай. Уулархаг нутгийн иргэд тарьдаг ба амт сайтай, эрүүл мэндэд ихээхэн тустай. Энэ цайг тариалагчид бийлэгжүү амьдралтай учраас охид, хүүхнүүдээ нөхөрт гаргах бус хүргэн буулгаж авдаг бардам хүмүүс аж. Ханжоуд ургасан цайг хандалж уухын зэрэгцээ хоолонд амт оруулан хуурч иддэг.
Хүр хорхойн дэлгүүр ба музей: Ханжоу хотын Юйхуан уулын ар бэлд хүр хорхойн торгоороо алдартай нэгэн дэлгүүр бий. Хүр хорхой нь нэгэн төрлийн эрвээхэй бөгөөд ганцхан зуны настай. Хүр хүрхойн авгалдайнууд ялам модны навчаар хооллодог бөгөөд энэ мод нь зөвхөн Ханжоу орчимд ургадаг. Хүр хорхойн эмэгчин нь нэг удаа өндөглөхдөө 400-600 өндөг гаргадаг. Өндөгнөөс гарсан авгалдай сарын дотор 8 см хүртэл өсөж томрон нас бие гүйцнэ. Хүр хорхойн биеийн тал нь шингэнтэй байх бөгөөд түүнийг толгойгоо хаялан наймын тооны хэлбэр үүсгэн амаараа савируулан гаргаж бөмбөлөгөн тор нэхдэг аж. Хүр хорхой хоногт нэг кг орчим утсан бөмбөлөг үүсгэх чадвартай. Өөрөөр хэлбэл, нэг ч залгаасгүй мянган метр урт утас “үйлдвэрлэх” чадвартай юм.
Энэ дэлгүүрийн дээд тал Хятадад төдийгүй дэлхийд ганцхан байдаг “Хүр хорхойн торгоны музей” байрладаг. Музейг 1992 онд байгуулж, хүр хорхойн торгон эдлэлүүдийг гол үзмэр болгон тавьжээ. Эртний Мин, Сүн улс, Манж гүрний үеийн хаад ноёд, эгэл иргэдийн хувцас, гоёл чимэглэл, эдлэл хэрэглэлийг түүхийн хамт дэлгэн үзүүлснээс гадна хүр хорхойн торгоор урласан өөр бусад тансаг сайхан урлагийн бүтээлүүдийг сонирхуулсан байдаг.
Си ху нуур: Ханжоугийн төвд орших нуур бөгөөд 2000 гаруй жилийн түүхтэй. Үзэсгэлэнт нуурыг зорин жил тутам 15 сая жуулчин очдог бөгөөд моторт болон сэлүүрт завиар аялан зугаалдаг. Ханжоу нутгийн зохиолч, яруу найрагчид энэ нуурын тухай зохиол бүтээл, шүлэг найрагтаа мөнхлөн үлдээжээ. Нууранд Сү ти, Бай ти, Ян гүн хэмээх гурван арал бий. Олон сайхан цэцэг, навч, мод сөөгөөр баян Сү ти арал дээр хос залуус ихэвчлэн очдог учраас “хосын далан” хэмээн нэрлэгджээ. Си ху нуурын усан дунд байрлуулсан гурван чулуун суварга нь 400 гаруй жилийн түүхтэй. Эдгээр суварганы дүрс Хятадын мөнгөн тэмдэгт болох нэг юанийн дэвсгэртийн ар талд дүрслэгдсэн байдаг.
Ханжоу Бэйн гүүр: Шанхай хот руу явах замд Хятадад төдийгүй дэлхийд хамгийн уртад тооцогдох гүүрээр гарна. Зүүн Хятадын тэнгист орших Нингбо боомтыг Шанхай хоттой залгасан гүүр юм. Нийт урт нь 36 км. Төмөр болон төмөр бетоноор цутгаж хийсэн ба далайн хүчтэй шуурганд ч ажрахгүй бат бэх баригджээ. Тус гүүрийг барьж байгуулахад 1.5 тэрбум доллар зарцуулсан гэдэг.
Шанхай боомт: Шанхай бол Хятад улсын дөрвөн том хотын нэг. Дорнод Хятадын тэнгисийн эрэг дээр Хөх мөрний цутгаланг дамнан орших энэ хот 23 сая хүн амтай. Нэмээд 10 орчим сая хүн ирж очин зорчиж байдаг гэсэн статистик бий. Бас дэлхийн хамгийн том далайн боомтын нэг. Анх Шанхай хот анх загасны аж ахуй, даавууны үйлдвэрлэл явуулдаг тосгон байв. Эртний Тан, Сүн улсын үед боомт хот болох эхлэл тавигджээ. Шанхай нь зүүн, барууныг холбосон худалдаа арилжааны гол цэг байсан бөгөөд 1930-аад он гэхэд санхүү, бизнесийн томоохон төв болж чадсан байна. 1990 онд эдийн засгийн шинэчлэл хийснээр Шанхай хот дахин эрс хурдтайгаар хөгжиж 2005 он гэхэд дэлхийн хамгийн том боомтоор нэрлэгдэх болжээ. Эртний түүхэн дурсгалт байшин барилгыг анхны хэлбэрээр нь харуул хамгаалалттайгаар олон нийтэд үзүүлдэг.
Наньжин гудамж: Шанхайд заавал очих ёстой газрын нэг бол эртний Европ болон өнөөгийн Европын өнгө төрх, хэлбэр хийцийг хослуулсан Нанжингийн гудамж. Урт гудамжаар машин тэрэг явдаггүй, зөвхөн явган зорчигчид хөлхөх бөгөөд шөнө дөл болсон ч дэлгүүр, хоолны газрууд нь нээлттэй их хөлийн газар. Шанхай хотын худалдаа наймааны гол төв болох энэ гудамж 1860-аад онд байгуулагдсан түүхтэй.
Шанхай Тауэр (Shanghai Tower): Дэлхийн хамгийн өндөр барилгуудын нэг. Шанхай хотын төвд байрлах мушгирсан өвөрмөц хэлбэртэй уг цамхагийг 2008 оноос барьж эхэлсэн бөгөөд 2016 оны тавдугаар сард ашиглалтанд оруулжээ. 632 метр өндөр, 127 давхар, 380 мянган метр квадрат талбайтай энэ цамхагийн өртөг 2.2 тэрбум ам.доллар болсон аж. Шанхай дахь дэлхийн санхүүгийн төвтэй хаяа дэрлэн босгосон Шанхай Тауэрийн дизайныг АНУ-ын “Женслер” компани гаргаж, Шанхай хотын тэргүүлэгч барилгын компаниуд хамтран барьжээ. Энэ цамхагийн 119 давхарт гарахад цахилгаан шатаар ганцхан минут зарцуулах ба ямар ч дуу чимээгүй, нам гүм байдаг. Байгууламжийн мушгиа хэлбэрийн дүрс, бүтэц нь салхины хүчийг 20 гаруй хувь бууруулахаас гадна барилгын өртөг зардлыг хэмнэх үүднээс боловсруулсан загвар гэнэ. Мушгиа хэлбэртэй хаалтууд нь борооны усыг цуглуулж халаалтын систем болон агаар цэвэршүүлэхэд зориулагджээ.
Сужоу хот: Шанхайгаас 100 гаруй км зайтай орших Сужоу хот руу цагт 300 км хурдлах галт тэргээр гуч хүрэхгүй минутад давхиад хүрнэ. “Дорнын Венец” гэгдэх Сужоу бол эртний түүхийг авч үлдсэн Хятадын гурван томоохон хотын нэгд зүй ёсоор ордог. Тайху нуураар төв болгосон таваг хэлбэртэй тэгш талд байрладаг Сужоу хотыг “газрын диваажин” гэж нэрлэх нь бий. Эртний цэцэрлэгт хүрээлэнгүүдийг ЮНЕСКО 1997 онд “Дэлхийн өв”-ийн жагсаалтанд бүртгэн авчээ. Хүний гараар бүтээсэн хэдий ч байгалийн бүтээл мэт байгуулж чадсан байдаг. Хувь хүний цэцэрлэгт хүрээлэн байсан болохоор талбайн хэмжээ тийм том биш хэдий ч бага орон зайд хязгааргүй уран санааг агуулж, жижиг зүйлээр томыг, цөөнөөр олныг илтгэж чаддаг нь өвөрмөц.
Буддагийн хөшөө: Үси хотын Лин шань ууланд Да Фү буюу Их Буддагийн хөшөө сүндэрлэдэг. Уулсын өндөрлөг хэсэгт байрлуулсан хөшөө үдшийн бүрийд улам сүрлэг дүнхийн харагдана. Хөшөөний өндөр 88 метр. 700 тн зэсийн цутгамлаар босгожээ. Амар амгалан, нигүүлсэнгүйн дүрээр бүтээсэн Их Буддагийн өлмий дор усан оргилуур, цөөрөм, бадамлянхуа цэцгийг дүрсэлсэн цогцолбор бий. Хөгжим дуугаран усан оргилуур оргилох мөчид цэцгийн дэлбээ дэлгэрч бяцхан будда мэндэлж байгааг харуулдаг. Сүрлэг хэрнээ уянгалаг хөгжмийн аянд дэлбээлэх лянхуа цэцгэн дундаас зүүн гарын долоовор хураагаа гозойлгосон, буржгар үстэй бяцхан хөвгүүн суурин дээрээ аажмаар нар зөв тойрон эргэлдэнэ. Оргилсон ус бяцхан хөвгүүнийг угаагаад доош урсаж цоргонуудаас гоожино. Энэхүү рашаанаас хүртэж, нүүр гараа угаавал сэтгэл болоод аливаа муу бүхэн ариусдаг хэмээн сүсэглэдэг байна.
Цөөрмийн дэргэд бурхан Буддагийн ариун мутрыг илэрхийлсэн хөшөө, айл бүрийн хойморт залардаг шаазан урлалын нэг том бүтээл болсон Энх-Амгалан хааны зэс цутгамал байдаг. Хааны өвөрт эрхэлсэн хүүхдүүдийн толгой элэгдэж гялайсан байдаг нь хүүхэдтэй болохыг хүссэн хүмүүс илсээр ийм болгожээ.
Шөү си ху нуур: Янжоу хотын түүхэн дурсгалт газруудын нэг нь Шөү си ху нуур. Янжоу хотын баруун хойд хэсэгт 4.3 км урт сунаж тогтсон байрлалтай. Тиймээс “Нарийн баруун нуур” гэж нэрлэжээ. Хуйжоугаас давсны наймаа эрхэлдэг ах дүү дөрвөн худалдаачин Цин эзэнт гүрний хаан Цян Лунтай дотно найзууд байв. Тэд хаанд зориулаад нуурын эргэн тойрныг харах, алжаалаа тайлах, зугаалах зориулалтаар цэцэрлэгүүд байгуулжээ. Тэгэхдээ өөрсдийн байнга очиж наймаа эрхэлдэг Хуйжоугийн барилгын загварыг дуурайлган гүүр, арал, далан, ордон, сүүдрэвчүүдийг нуурын эргэн тойронд донж хэлбэрийг тааруулан барьсан нь эдүгээ жуулчдын үзэх дуртай орчинг бий болгосон. Мөн Цин гүрний хаан 24 шивэгчин бүсгүйдээ зориулж тус бүрт нь зориулж гүүр барьж өгчээ. Сюй юань хүрээлэн, нуман гүүр, жижиг Алтан уул, Чүй тай буюу ший үзэх тайз, нугас галууны тосгон, таван тагттай гүүр, цагаан суварга зэрэг нь нуурын үзэмжийг улам тодотгодог байна. Тагт, дээвэр бүхий таван гүүрийг дээрээс нь харахад усан дээр ургаж байгаа бадамлянхуа цэцгийг санагдуулна.
Сун Ятсений бунхан: Жян сү мужийн төв Наньжин хотын Жүн Шань уулын энгэрт орших Хятадын хувьсгалч Сун Ятсений бунханг зоригсдын хөл хөдөлгөөн их. Сун Ятсен 1911 оны аравдугаар сард Хятадын сүүлчийн эзэнт улс буюу Манж чин улсыг унагахад гол үүрэг гүйцэтгэсэн. 1912 онд Бүгд Найрамдах Хятад Улс байгуулагдахад анхны түр ерөнхийлөгчөөр ажилласан төдийгүй сүүлд нь Гоминданы намыг байгуулалцаж анхны даргаар томилогдож байжээ. Сун Ятсенийг эзэнт улсаас хойшхи Хятад улсыг нэгтгэсэн зүтгэлтэн гэж үздэг. Хятад болон Тайваньд хоёуланд нь хүндлэгддэгээрээ бусад удирдагч нараас ялгарна. Түүний улс төрийн амьдрал байнгын зөрчил тэмцэл, дүрвэлт дунд өнгөрсөн бөгөөд хэд хэдэн хувьсгалт засгийн газрыг толгойлжээ. Наньжин хот бол Гоминдан намын Засгийн газар байрлаж байсан газар. Тиймээс Сун Ятсень удирдагчид зориулан Наньжин хотын зүүн хэсэгт орших Жүн Шань уулан дээр 1929 онд бунхан байгуулсан ажээ. Нарсан ойн модон дунд, уулын дээд энгэрт хувьсгалчийн амьдрал, үйл хэргийн дурсгалд зориулж хятад барилгын уламжлалт хэв загвараар барьсан.