Бүрж Ал Араб (Burj Al Arab): Жумурайх Бийч хиймэл арал дээр дарвуулт хөлгийн хэлбэртэйгээр барьсан Бүрж Ал Араб гэдэг зочид буудлыг 20 орчим жилийн өмнө ашиглалтанд оруулсан ба өндөр нь 321 метрт хүрдэг анхны 7 одтой буудал юм. Дэлхийн хамгийн өндөр 4 дэх зочид буудал бөгөөд буудлын ресторан нь далайн мандлаас дээш 200м өндөрт задгай агаарт хийгдсэн байдгаараа онцлог юм. Тус барилгын гэрэл зураг нь дэлхийн гэрэл зургийн том дурсгалуудын нэг болдог төдийгүй Дубайн бэлэг тэмдэг болдог. Хиймэл арлаас эх газар руу Curving хэмээх хувийн эзэмшлийн гүүрээр холбогддог.
Дубай Марина (Dubai Marina): Энэ нь Дубай хот дахь шинэ орон сууцны төслийн нэгээхэн хэсэг юм. Бүс нутгийн хөгжил, орон сууцны хороолол, хүн амын нягтшил зэргийг уялдуулан бүтээн байгуулжээ. Энэ хот явган хүнд ээлтэй хот байх зорилгыг хэрэгжүүлсэн бөгөөд оршин суугчид нь гэрээсээ холдолгүйгээр, заавал машинаа унаж гарахгүйгээр хотын эргэн тойронд алхаж, олон нийтийн үйлчилгээний газруудаар үйлчлүүлж болохуйцаар төлөвлөжээ. Орон сууцны барилгуудаа үнэт чулууны нэрээр нэрлэн араб бичгээр чимэглэж, янз бүрийн цамхаг, дэлгүүр, зоогийн газар, баар, зугаалж салхилах талбай зэргийг нэг дор цогцлоон байгуулснаараа онцлог болно.
Бурж Халифа (Burj Khalifa): Дубай Марина хотын хамгийн алдартай цамхаг нь Бурж Калифа цамхаг бөгөөд 828м өндөр, 162 давхар юм. Цамхагийн нээлтийг 2010 оны 1-р сарын 4-нд хийсэн бөгөөд Америкийн архитектурч Эдриан Смит зохиожээ. 1.5 тэрбум америк долларын хөрөнгө зарж байгуулсан гэдэг. Дотор нь зочид буудал, орон сууц, оффис, худалдааны төвүүд байрладаг. Цамхаг нь нар салхины эх үүсвэрээр өөрийн цахилгаан эрчим хүчээ хангадаг. Цамхагийн 124 дүгээр давхарт 40 ам.доллар төлж гарч болох ба орчин тойрны газрыг харах боломжтой. Цамхагийн бараа 90км-ийн алсаас харагддаг байна. Барилгыг анх Бурж Дубай гэж нэрлэдэг байжээ.
Ал фаходи музей (Al Fahidi Fort museum): Анх 1787 онд лалын сүм маягаар байгуулагдаж байсан ч 1971 оноос эхлэн музей болсон ба Дубай хотын хамгийн том музей үзвэрийн газар юм. Лалын шашны хэрэглэл болоод алтан эдлэлүүд, МЭӨ 3000 онд үүссэн булш зэрэг Эмират улсын түүхийн үзмэрээс гадна уламжлалт араб сууц, лалын сүм, сангийн аж ахуй, загас агнуур зэрэг цөлийн болон далайн амьдралын олон үзмэр үзэгдлүүдийг харуулсан байдаг.
Дубай аквариум (Dubai aquarium): Газар доорх усны амьтдын хүрээлэн гэдэг ба 30 минут газар доорх тунелиэр аялна. Дубайн далайн аквариумд 20 гаруй төрлийн 65000 амьтад байдаг. Мөн тус байгууламжинд 22500 м.кв талбай бүхий Дубай цанын бааз, Мөсөн гулгуурын талбай, Загварын тайз, Оасис оргилуур, 250 тансаг зэрэглэлийн өрөө бүхий зочид буудал, 22 дэлгэц бүхий кинотеатрууд үйл ажиллагаа явуулдаг.
Палм арал (Palm island): Дубайн Палм арал нь дэлхийн нэгэн гайхамшигуудын нэг болон хөгжжээ. Дэлхий дээрх хамгийн томоохон үл хөдлөх хөрөнгийн хөгжил гэж хэлж болохоор аж. Персийн булан руу түрэн орсон Палм арлууд хэмээгдэх Palm Jumeirah, Palm Jebel Ali, Palm Deira гурван арал дээрх хөгжил юм. Зочид буудал, орон сууцны барилга, далайн эрэг, зоогийн газар, худалдааны төв зэрэг төрөл бүрийн үйлчилгээ нэгэн дор хөгжсөн газар. Хамгийн алдартай нь 2008 онд байгуулагдсан дэлхийн 5 одтой Атлантис зочид буудал юм. Дэлхийн аялагчид тус зочид буудалд хоноглохоос гадна зөвхөн зураг авхуулах гэж зорьдог болжээ.
Атлантис зочид буудал ба усан парк (Atlantis hotel & aquarium): Дэлхийн хамгийн хөгжилтэй, хамгийн том гэгдэх усан парк юм. Олон улсын жуулчид хүүхдүүдтэйгээ ирж өдрийг өнгөрүүлдэг. Сонирхолтой олон янзын арга сэдлүүдээр бүтээгдсэн тоглоомуудаар өдөржин тоглож хөгжилдөх боломжтой.
Дубайн цөлийн аялал (Dubai Safari tour): Дубай дахь аяллын хамгийн алдартай нь цөлийн сафари аялал юм. Тус аяллаар гайхалтай өндөр элсэн манханы орой дээрээс доошоо роликоор маш хурдтай бууж сэтгэл хөдөлгөсөн гайхамшигт агшингуудыг бүтээж цөлийн гүнд зүрх сэтгэлээрээ очиж болно. Мөн жийп машин хөлөглөн элсэн толгодын оройгоор хурдлан давхиж болно. Мөн Араб тэмээ унаж элсэн манханааар дураараа аялж болно.
Ферари парк (Ferrari park): Дэлхийн хамгийн хурдан Ферари автомашины парк нь Абу Дабигийн арал дээр байрладаг. 200 000 м.кв талбайд байгуулсан тус парк насанд хүрсэн хүмүүст үйлчлэхээс гадна хүүхдүүдэд зориулсан бэлэг дурсгалын тусгай дэлгүүрийг ч байгуулсан байдаг. Хамгийн сүүл үеийн шинэ технологуудыг ашигласан шоу үзүүлбэрийн танхим болон театрууд нь байнга нээлттэй байдаг.
Дубайн Алтны зах (Deira Dubai gold Souk): Deira Дубай хэмээх арилжааны бизнес дүүрэг дэх гол газар бол Дубайн алтны зах юм. Олон зуун жижиг лангуун дээр алтаар хийсэн үнэт эдлэлүүдээс гадна алтан гулдмай хүртэл тавьж худалдаалдаг. Түүнчлэн мөнгө болон мөнгөн эдлэл, үнэт чулуун эдлэл, янз бүрийн сувдан эдлэл зэргийг ч худалдаалдаг сонирхолтой зах бөгөөд Арабын нэгдсэн Эмират улсын томоохон захын худалдаа юм. Дубай супермаркет (Dubai supermarket): Жижиглэнгийн барааны 1200 тасагт олон янзын хоол хүнс, ундаа борлуулдаг Дубай молл дэлгүүр нь дэлхийн хамгийн том худалдаа болон зугаа цэнгээний газруудын нэг юм. Энэхүү хүнсний худалдааны төв нь Бурж Халифа цогцолборын нэг хэсэг бөгөөд долоо хоног бүр 750000 жуулчдыг татаж байдаг.
Завины аялал (Dhow cruise): Дубай хотын гэрэлт үдшийг Dhow завин дээрээс харангаа халуун цай, кофе, олон улсын буфет хоолны үйлчилгээг авах боломжтой. Хосууд болон хамт олон найз нөхдөөрөө ширээний ард сууж үйлчлүүлэн аялах усан онгоцны үйлчилгээ юм. Белли дэнс бүжиг (Belly dance): Belly бүжиг Египет, Араб буюу Ойрхи дорнодоос гаралтай. Сүүлийн үед барууны орнуудад их хөгжиж байгаа бөгөөд аль бүс нутгаасаа хамаараад хувцас, бүжгийн хэв маяг өөр өөр байдаг. Belly бүжиг хүмүүсийн анхааралыг татаж их үзэгчтэй болжээ. Шиша усан тамхи (Shisha tobacco): Шиша усан тамхи нь хамгийн анх алс Дорнодод үүссэн байна. Ургамал жимсний амттай бүхий тамхины утааг хөндий хоолойгоор сордог байна. Шиша усан тамхинд энгийн тамхинд агуулагддаг никитон, бохь, ислийн хэмжээ бага байдаг.
Мэдээллийг боловсруулсан Монголиан гайд тур ХХК.