“Тэмээний баяр-2011” болно

 

Өмнөговь аймгийн Булган сумын төвд энэ сарын 6-8-нд “Тэмээний баяр-2011” болох гэж байна. Уг баяр тэмээн сүргийг өсгөн үржүүлэх, хамгаалах, ашиг шимийг нь нэмэгдүүлэхэд чиглэсэн шинэ менежмент, санаачилга бий болгон олон нийтийн анхаарлыг хандуулах зорилготой ажээ. Мөн “Өвлийн аялал” хөгжүүлж, орон нутгийн малчид, иргэдийн аялал жуулчлалаас олох ашиг орлогыг нэмэгдүүлэх, тэдний байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээх ухамсрыг дээшлүүлэхэд тодорхой үр дүнгээ өгнө хэмээн зохиогчид үзэж байгаа ажээ. Баярын үеэр “Тэмээн жагсаал”, “Тэмээтэй сайхан хос”-ын уралдаан, “Ботгон тэшээ” бүжиг, “Тэмээтэй бухиа” уралдаан зэрэг хэд хэдэн төрлийн арга хэмжээ болох бөгөөд гадаад хүн 50 ам.доллар, монголчууд 10 мянган төгрөгөөр үзэж сонирхох, оролцох эрхээ авах гэнэ. Энэ удаагийн баярыг Булган сумын Засаг даргын тамгын газар, “Түмэн тэмээ” тэмээн аяллын холбоо, “Гайхамшигт говь” аялал жуулчлалын холбоо, Булган булгийн уяачдын холбоо, “МАТ, “Жуулчин говь” компани, “Ажнай” корпораци хамтран зохион байгуулахаар болжээ.