Охин тэнгэр Балданлхам

 Нэр нь үл мэдэгдэх эртний нэгэн зураачийн “Охин тэнгэр” хэмээх хосгүй үнэт бүтээл Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгт хадгалагддаг ажээ. 139*119 см хэмжээтэй энэхүү хөргийг судлаачид 19 дүгээр зууны сүүлчээр бүтээгдсэн хэмээн үздэг. Хар зургаар бүтээж алт мөнгө, шүр, сувд, анар шигтгэсэн шашны урлалын гайхамшигт бүтээл “Охин тэнгэр” торгон зургийг 1995 онд Засгийн газрын тогтоолоор хосгүй үнэт зэрэглэлд бүртгэсэн байна.

Арван хангал догшин сахиусын нэг, Балданлхамыг 11 дүгээр зуунаас охин тэнгэрийн дүрээр Махгал догшин сахиусын хамт дүрсэлж эхэлжээ. Хожим нь шарын шашин Монголд нэлээд тархсаны дараа энэ бурхныг дангаар нь бүтээдэг болсон байна. Балданлхам нь зүүн мутартаа дайсны цусаар дүүргэсэн гавал барьж, баруун мутартаа тангараг эвдсэн дайснуудын тархи хагалдаг очирт шийдэм барьсан байдаг. Тэргүүндээ язгуурын таван чанарт хохимой толгойн титэм зүүсэн ба шүр, оюу зэрэг эрдэнийн чулуугаар чимсэн титмийн алтан сууринд цул мөнгөөр цутгасан таван хохимой толгойн төвгөр дүрс байдаг. Түүний дээр сувд суулгасан гоёмсог зүүлт чимэг ч бас бий бөгөөд зургийн баруун дээд буланд шар улаан орхимжтой, очир суудалтай, мунхаг харанхуйг арилган оюун ухаан соёрхдог Маш гийгүүлэн зохиогч бурхныг харуулсан ажээ. Зургийн зүүн, баруун доод буланд Буян хишгийн охин тэнгэр, Эгшигт охин тэнгэр зэргийг дүрсэлж, зургийн зүүн дээд буланд Буддын шашны нэг урсгал болох улаан малгайтны шашны сургаалыг зохиогч лам Жовуу Вандан Адишаагийн дүрийг буулгасан байдаг байна.