Гадаадын анчид 120 тэх агнах боломжтой

 Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар гадаадын анчдад агнуулах ангийн тоог тогтоожээ. Гадаадын анчид 120 тэх, 5 халиун буга, 150 цагаан зээр, тус бүр 40 саарал чоно, бор гөрөөс, 20 зэрлэг гахай, ой хээрийн агнуурын шувууг 400 хүртэл толгойг агнаж болох ажээ. Судалгаа шинжилгээний зориулалтаар 2 хүрэн баавгай, 4 хүртэл цоохор ирвэс агнах, сүргийн бүтцийг зохицуулах зорилгоор 2 толгой хулан адуу барихыг зөвшөөрчээ.

Гадаадын анчдад тусгай төлбөртэйгээр агнуулсан ангийн төлбөр, хураамжийн орлогоос сүүлийн 5 жилд улс, орон нутгийн төсөвт 7,2 тэрбум төгрөг төвлөрсөн байна. 2009, 2010 онд хийсэн судалгаагаар манай улсад 17,9 мянган аргаль, 24,4 мянган янгир, 10 мянган гаруй халиу буга, 12 мянга гаруй хар сүүлт, 5,6 сая цагаан зээр, 1200 орчим ирвэс, 6000 орчим идлэг шонхор шувуу байгааг нь тогтоожээ.

Цаашид гадаадын анчдад тусгай төлбөртэйгөөр агнуулах ховор амьтны тоог цөөрүүлж, элбэг амьтны тоог нэмэх, төлбөр хураамжийн хэмжээг нэмэгдүүлэх замаар төсөвт орох орлогын хэмжээг тогтвортой барих бодлогыг хэрэгжүүлэх юм байна.