Жил бүр зохион байгуулагддаг “Мөсний баяр” энэ сарын 2-3-нд Хөвсгөл аймгийн Хатгал суманд болно. Энэ үеэр чаргатай морьдын мөсөн дээрх бооцоот уралдаан, олон улсын тэшүүрийн марафон, мөсний сүмо, “Цаатан” фестиваль, сайхан монгол дээлтэй гадаадын зочин шалгаруулах зэрэг арга хэмжээ болох ажээ. Хаврын урь орсон энэ өдрүүдэд цасны баяр хийх нь мөс цөмрөх зэрэг ямар нэгэн эрсдэл дагуулж болзошгүй талаар аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга С.Даваасүрэнгээс тодруулахад “Хэдийгээр хаврын урь орж, цаг наашилсан ч мөс хагарч, цөмрөх хэмжээнд хүртэл хайлж, уяраагүй байгаа учраас аюултай, эрсдэлтэй зүйл болохгүй байх. Гэхдээ баярт оролцогчид сонор сэрэмжтэй, болгоомжтой байх хэрэгтэй. Өмнөх жилүүдэд ч мөсний баярыг 3 дугаар сарын эхээр л тэмдэглэдэг байсан” гэжээ.