Улаанбаатарынхаа гудамж талбай, өргөн чөлөөг бид хэр сайн мэддэг билээ. Аль нэг байгууллага, томоохон дэлгүүрээр баримжаалан тэнд, энд гэж хэлэхээс тийм гудамж гэж нарийн хэлж мэддэггүй. Нийслэлдээ төөрдөг болохгүйн тулд гудамж, өргөн чөлөөгөө мэддэг болцгооё.
ЭНХТАЙВНЫ ӨРГӨН ЧӨЛӨӨ: Төв шуудангийн урд талаас төв гудамжийг даган баруун тийш Авто тээврийг бүртгэх 22-ын товчоо хүртэл, зүүн тийш Баянзүрхийн авто тээврийн товчоо хүртэл.
ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ: Төв шуудангийн урд талын дөрвөн замын уулзвараас Энхтайвны гүүрэн дээгүүр урагш Яармагийн гүүр хүртэл.
АРД АЮУШИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ: “Од” кино театрын хойд талын дугуй тойргоос баруун тийш 3, 4 дүгээр хорооллын дундуур Гэмтлийн эмнэлгийн хойд талын уулзвар хүртэл.
ИХ ТОЙРУУ: Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний төвийн баруун урд талын замын уулзвараас хойш Энхтайвны өргөн чөлөөг огтлон, Гэсэр сүмийн зүүн талын тойрог зам, “Баян бүрд” халуун усны хойд талаар Сүхбаатар дүүргийн хүүхдийн нэгдсэн 2 дугаар эмнэлгийн зүүн урд талын гүүр, зүүн дөрвөн зам хүртэлх гудамж.
БАГА ТОЙРУУ: “Цэцэг” төвийн урд талаас Улаанбаатар банкны барилга хүртэл, СУИС-иас тойрч, Боловсролын их сургууль хүртэлх гудамж.
НЭГДСЭН ҮНДЭСНИЙ ГУДАМЖ: 5 дугаар дунд сургуулийн урд талын замын уулзвараас БНАГУ-ын Элчин сайдын яамны урдуур МУИС-ийн эдийн засгийн сургуулийн хичээлийн байрны урд замын уулзвар хүртэл.
ИХ СУРГУУЛИЙН ГУДАМЖ: Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн баруун хойд талын замын уулзвараас хойш Их тойруу хүртэл.
ХАТАНБААТАР МАГСАРЖАВЫН ГУДАМЖ: Төмөр замын буудлын хойд цэцэрлэгээс хойш Энхтайвны өргөн чөлөө хүртэл
ЭНГЕЛЬСИЙН ГУДАМЖ: Хан-Уул дүүргийн цагаан хаалганаас хойш Мод боловсруулах үйлдвэр хүртэл
ПАРТИЗАНЫ ӨРГӨН ЧӨЛӨӨ: 11 дугээр сургуулийн зүүн хойд дөрвөн замын уулзвараас урагш Сөүлийн гудамж хүртэл
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ГУДАМЖ: Олон улсын геологийн төв лабораторийн урд талын замын уулзвараас хойш Ханын материалын II үйлдвэр хүртэл
СҮХБААТАРЫН ГУДАМЖ: Байгалийн түүхийн музейн зүүн талын замын уулзвараас хойш Их тойруу хүртэл
СӨҮЛИЙН ГУДАМЖ: Лениний өргөн чөлөөнөөс УДЭТ-ын хойд талаар МҮЭ-ийн Соёлын төв урдуур Энх тайвны өргөн чөлөө хүртэл
УСНЫ ГУДАМЖ: Хүнсний 50 дугаар дэлгүүрийн урд талын замын уулзвараас урагш Циркийн зүүн талаар Тээвэрчдийн гудамж хүртэл
БАРУУН СЭЛБЭ ГУДАМЖ: Энхтайвны өргөн чөлөөнөөс Улсын их дэлгүүрийн зүүн талаар хойш Хувьсгалчдын өргөн чөлөө хүртэл
ЧИН ВАН ХАНДДОРЖИЙН ГУДАМЖ: Энхтайвны өргөн чөлөөнөөс ОХУ-ын Элчин сайдын яамны баруун талаар хойш Хувьсгалчдын өргөн чөлөө хүртэл.