Манж Чин улсын амбан сайд Сандо нэгэнтээ 8 дугаар Богд Жавзандамба хутагтад бараалхжээ. Богд түүнийг хүлээн авч, Манж гүрний сайд тул мэхийн ёсложээ. Харин Дондогдулам хатан хүндэтгэл үзүүлсэнгүйд Сандо амбан дургүй байжээ. “Энэ хүн миний хатан тул таньд ёслохгүй байж болно” хэмээн Богд хаан түүнд тайлбарлажээ. Дондогдулам хатан анхнаасаа л Сандо амбан, манжуудад дургүй байснаар барахгүй тэднийг Монголоос хөөн гаргахад чухал үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Эх оронч энэхүү эмэгтэйн дээл хувцас, гоёл чимэглэл, шашин төрийн ёслолд хэрэглэдэг эд зүйлс зэргийг дэлгэн харуулсан “Монгол төрийн хатан эрдэнэ, эх дагина” үзэсгэлэн өчигдөр Богд хааны ордон музейд нээлтээ хийжээ. Маргад чулуун шигтгээтэй, сувдан тоорцог, шүр, сувд болон үнэт чулуун чимэглэлтэй толгойн мөнгөн боолт, булган үстэй хантааз, түмэннасан хээтэй дээл, есөн лууны хээтэй хоргой дээл, таван өнгийн хадган яндартай очир гээд өмнө нь хэний ч хараагүй, зөвхөн музейн сан хөмрөгт хадгалагдаж байсан үнэт үзмэрүүдийг тэнд дэлгэжээ. Эх дагина Дондогдулам хатан суудалд өргөмжлөгдсөнөөр Монголын ихэс дээдэс, хаад ноёдын хувцсанд ихээхэн өөрчлөлт орсон түүхтэй. Тэрбээр 1911 онд нутаг бүрийн шилдэг гар урчуудыг цуглуулан ордны дэргэд “Сангайн аймаг” байгуулан өөрөө удирдах болжээ. Ингэснээр шашны хэв маяг олон жил уламжилсан ордонд “иргэний” хэв маяг оруулж, хүрээний охид бүсгүйчүүдийн дунд хувцасны шинэ чиг хандлага бий болсон ажээ. Хаан, хатны хувцас нь төрийн сүр жавхланг илтгэдэг тул тэрбээр ийн анхаарч, Богд хаанд ч тусгай хувцас, дээл сэлтийг хийлгэдэг байжээ. 1921 онд Хүрээнд орж ирсэн улаан армийн цэргүүд хийгэд МАН олон жилийн уламжлалтай төрт ёсны бодлого явуулж, эхнэр хүний үсийг хүчээр тайрч, дээлний нударгыг авч, ургийн овог хэрэглэхийг болиулсныг тун буруушаан, өөрийн чадлаараа тэмцсэн төдийгүй, Цагаан шүхэрт уншуулсан ажээ. Дондогдулам хатан төвд, монгол хэл бичиг нэвтэрхий мэддэг төдийгүй лүйжин тавих үед лам нарыг даган уянгалуулан уншдаг байсан ажээ.