“Монгол, Тангад нутгаар” ном хэвлэгдлээ.

Оросын алдарт газарзүйч Николай Пржевальскийг бид “Пржевальскийн адуу” буюу тахийг анх шинжлэх ухаанд дуулгасан хүн гэдгээр нь л там тум мэднэ. Одоогоос 140-өөд жилийн өмнө Хиагт, Өргөөгөөр дайран урагшаа гарч, Ордос, Алшаа, Хөхнуур, Умард Түвдийн элсэн цөл, сүрлэг өндөр уулсыг судалж, хэдэн зуун зүйлийн хөхтөн, жигүүртэн, өвс ургамлын хатаамал, чихмэлийг аваачиж, Их Британийн хатан хааны газарзүйн нийгэмлэгээс “Дэлхийн хамгийн гарамгай аялагч” өргөмжлөл хүртэж байсан Оросын армийн хошууч генерал Пржевальскийн аян замын тэмдэглэлүүдээс нь зөвхөн ишлэл төдий зүйлүүдийг л уншсан маань ч бас үнэн. Тэгвэл одоо алдарт аялагчийн тун адармаатай бөгөөд адал явдлуудаар дүүрэн, онц сонирхолтой хүүрнэл бүхий анхных нь шинжилгээний аялалын “Монгол, Тангад нутгаар” хэмээх номыг эх хэл дээрээ унших боломжтой боллоо.  

Орчуулагч Ж.Нэргүйн дуун хөрвүүлсэн энэхүү номоос нэгэн цагт эгээтэй л Бээжинг хөл доороо сөхрүүлээгүй дунхаануудын бослого, тэд яагаад Өргөө рүү зүглэж зүрхлээгүй ба хятад цэргүүд гэж ямар олхиогүй хүмүүс байсан тухай хийгээд VIII Богдыг залан авчрах үед ямар хүндрэлүүд тохиолдож байсныг олж мэдээрэй. Мөн духан дээрээ ганц эвэртэй оронго хэмээх гөрөөс гэж юу болох, цулхир, далийн ягаан хийгээд гишүүнэ гэдэг гайхамшигт ургамлууд, эрхэмсэг монголчууд, ичих нүүргүй, хятадууд, итгэлгүй тангад, далдаа үндэстнүүдийн тухай онц сонирхолтой өгүүлжээ. Түүнлчэн Чингис хаан, Майдар бурхан, Жанжаа хутагт, Их цагаан хэрмийн домог хуучтай учирч, Манжийн хаанаас Монгол ноёдод өгдөг байсан цалин пүнлүүг сонирхож, шавхагдашгүй тэвчээртэй монгол тэмээний талаархи нулимс унагам хүүрнэлийг олж үзэх болно.

Дэлхийд алдартай энэ номын талаар орчуулагч нь “Монголчуудыг алдаршуулсан талаараа Оссендовскийн “Хүн, араатан, бурхад”, Рерихийн “Азийн зүрх”-тэй зиндаа ижил эд дээ” хэмээн ярьж байсан. Уг номыг Аялал жуулчлалын “ДМД-Монгол” ХХК ивээн тэтгэж уншигчиддаа бэлэг барьж байна.