Ардын намын анхдагч, Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн анхны хурал, шинэ үндсэн хууль боловсруулж буй дүр зураг гээд түүхэн үйл явдлуудыг гэрэл зургийн хальс гэрчлэн үлдсэнийг сонирхох боломжийг “Монгол ардын нам 90” үзэсгэлэн олгож байна. Өчигдөр уран зургийн галерейд нээлтээ хийсэн тус үзэсгэлэнг Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100, Ардын хувьсгал ялсны 90 жилийн ой, Монгол ардын нам байгуулагдсаны 90 жилийн ойд зориулан гаргаж буй ажээ. Монгол ардын намын улс төрийн үйл ажиллагаа, Монгол Улсын тусгаар тогтнол, ардын хувьсгалын он жилүүд, 20-р зууны бүтээн байгуулалт, аж үйлдвэржилтийн ололт амжилтууд, ард иргэдийн аж амьдралын торгон мөчийг харуулсан гэрэл зургуудыг гаргажээ.