Тулгар төрийн анхны далбаа

Монголын үндэсний музейн сан хөмрөгт хадгалагддаг Монголын тулгар төрийн анхны далбаа нь VIII Богд хааны зарлигаар бүтээгдсэн төр, шашныг ариунаар мандуулах утга санааг илэрхийлсэн өнгө, хэлбэр, хэмжээ, бэлгэдлийн зүйлсийг агуулснаараа онцлогтой. Энэ үед хааны ордон, төрийн яам зэрэг газрын дээр хийсгэх далбааг гурван ам буюу 3*1 харьцаатай, /нэг ам нь 70*70 см/ босоо дөрвөлжин хэлбэртэй байхаар зааж, шар торгоор урлаж, дээд доод болон ишний талыг улаан торгоор хөвөөлдөг байжээ.

1911 оны Үндэсний эрх чөлөөний дараа Богд хаант Монгол Улс байгуулагдаж, төрийн ёс дэг, ёслолыг цэгцэлж үндэсний уламжлалт соёлыг тусгасан төрийн бэлгэдлийг хэрэглэх тухай зарлиг гарснаар энэ далбааг бүтээжээ. Шинэ тулгар төрийн албан ёсны эрхэм дээд бэлгэдлээр Монголын нэрт соён гэгээрүүлэгч, өндөр гэгээн Г.Занабазарын зохиосон соёмбо сүлдийг сонгож, түүнийг улсын туг, далбаа, төрийн тамганы голд байрлуулахаар тогтсон байдаг.

Төр шашныг хослон баригч Богд хаант Монгол Улсын үеийн төрийн далбааны ишний эсрэг талын гурван улаан хэлний дээд талын хэлэнд “Ум”, дундахад “Аа” доодоход нь “Хум” хэмээх маанийн үсэг, шар дэвсгэр дээр сайн сайхныг бэлгэдсэн мөргөлийн тусгай ном бичдэг байжээ. Шар дэвсгэрийн төвд гуутай бадамлянхуа цэцэг байрлуулсан нь цэвэр ариуныг бэлгэддэг ажээ.