Монголын урчуудын эвлэлийн залуу уран бүтээлчид “Алтан бийр-5” үзэсгэлэнгээ өнгөрсөн баасан гаригт нээжээ. “Маргаашийн урлаг” уриатай зохион байгуулагдаж буй энэ удаагийн үзэсгэлэнд шинэ, залуу уран бүтээлчдийн сэтгэлгээний цар хүрээг харуулахыг зорьсон гэнэ. Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр шилдэг уран бүтээлийг шалгаруулан “Алтан бийр” цом гардуулсан байна. Энэ жил “Алтан бийр”-ийг О.Отгонсүрэн холимог технологитой “Дурсамж” цуврал бүтээлээрээ хүртжээ. Долоо хоног үргэлжлэх залуу уран бүтээлчдийн үзэсгэлэнгийн үеэр “Art network workshop” буюу 2011 онд болох Дүрслэх урлагийн арга хэмжээ, олон улсын уралдаанд хэрхэн хамрагдах талаарх сургалт, таталбар зургийн уралдаан болох ажээ.