Америкийн Индианагийн их сургуулийн дэргэдэх Монгол судлалын нийгэмлэгийн 50 жилийн ой энэ онд тохиож байна. Тус нийгэмлэгийнхэн уг ойн хүрээнд ирэх 6 дугаар сард Алтай судлалын олон улсын бага хуралтай хамтран эрдэм шинжилгээний ажил зохион байгуулахаар төлөвлөжээ. Уг нийгэмлэгийг үүсгэн байгуулсан Х.Гомбожав, Оуэн Латтимор нарын дурсгалд зориулан бага хурал хийх гэнэ. Энэ үеэр Монгол улстай холбоотой баримтат, уран сайхны кино, дүрс бичлэг ч мөн үзүүлэх ажээ. Дашрамд дурдахад, Монгол судлалын тус нийгэмлэг байгуулагдсанаасаа хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж, “Journal of The Mongolia” сэтгүүл, “Mongolia Survey” сонин тогтмол хэвлүүлж байгаа ажээ. Монгол, ӨМӨЗО, ОХУ-ын Буриад улсын тогтмол хэвлэл, ном зохиол байнга захиалан Америк дахь монгол судлаач, энэ чиглэлээр сурдаг оюутнуудад түгээдэг байна.