Хар дархадын шавийн ардууд хязгаар нутгаас хүрээнд ирээд Богд эзнийхээ морин зүгт орших энэ толгойн аманд буудаг байжээ. Мөргөлчид өвөр Зайсанд бууж, дээдэс нь мөргөл тахилга хийж өнгөрдөг байсан учир тэр үеэс буюу 1778 оноос “Зайсан толгой” хэмээн нэрлэх болсон байна. Зайсан гэдэг нь Богдын их шавийн отгийн даргыг нэрлэдэг үг байжээ. Мөн энэ үеэс Манжийн Монгол сайд Юндэндоржийн санаачилгаар Туул голын боргиог ариулан тахиж, “Ариун болтугай” гэсэн төвд үгийг чулуугаар өрж тавьжээ. Гэвч Ардын хувьсгалын 15 жилийн ойг тохиолдуулан “Соёмбо” үсэг болгон, хажуу дахь тоог жил бүр өөрчлөх болжээ. Тэр үеэс “Умаа хум толгой” гэдгийг өөрчилж “Соёмбот толгой” хэмээн нэрлэсэн гэж Шинжлэх ухааны доктор О.Пүрэв тайлбарласан байна.