Швейцарийн Цюрих хотноо Монголын түүх соёлын хосгүй үнэт бүтээл болох алтан шармал бурхад, мөнгөн ваар, гүц, хонх, дамрыг дуудлагаар худалдаалжээ. Тус улсын дуудлага худалдааны худалдааны “Коллер аукшн” компанийнхан манай түүх соёлын дурсгалт зүйлсийг хэд хэдэн удаа худалдаж, тэр нь багагүй үнэд хүрч ашиг олсон тухай тус компанийн цахим хуудсанд нь тэмдэглэжээ. Тухайлбал, Өндөр гэгээн Г.Занабазарын шавь нарынх нь урласан 16,5 см өндөр, хүрлээр цутгаж, алтаар шарсан Бурхан багш 80 мянган швейцарь франк буюу 59260 еврогоос анх дуудагдаж, 120 мянган швейцарь франкаар зарагдсан байна. Үүнийг монгол төгрөгт шилжүүлбэл 155 сая төгрөг болж буй ажээ. Дуудлага худалдааны дээрх байгууллагын www.kollerauktionen.ch цахим хуудсанд Монголын гэсэн хаягтай, эртний уран дархчуулын 10-аад нэр төрлийн бүтээл байгаа бөгөөд чухам ямар замаар Монголын эртний эдлэл, эд өлгийн зүйлс борлуулагдаж байгаа нь тодорхойгүй. Монакогийн вант улсын санхүүжилтээр хэрэгжиж буй “Соёлын эд зүйлсийг хууль бусаар хил дамнуулан худалдаалахтай тэмцэх чадавхийг бэхжүүлэх нь” сэдэвт төслийн хүрээнд ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Бээжин дэх төлөөлөгчийн газартай хамтран цуврал сургалт зохион байгуулж буй бөгөөд энэ үеэр холбогдох албаны зарим хүнд энэ талаарх мэдээллийг өгсөн гэнэ. Үүний дагуу тагнуул, цагдаагийн байгууллага, Интерполын үндэсний товчооныхон ямар замаар хэзээ хил давуулсан болохыг тодруулахаар ажиллаж эхэлжээ.