“ITB Берлин”-ийг Монгол зураачдын үзэсгэлэн чимнэ

Аялал жуулчлалын чиглэлээр зохион байгуулдаг хамгийн том үзэсгэлэн болох Берлиний “ITB” үзэсгэлэнд монгол зураачдын бүтээл тавигдах гэнэ. Дэлхийн 187 орны 1100 гаруй аялал жуулчлалын байгууллага, компани оролцох үзэсгэлэн эмчилгээ, бизнес, соёл урлагийн аялал жуулчлал гэсэн төрлөөр болох бөгөөд манай орон соёл урлагийн түнш орноор сонгогджээ. Ирэх сарын 9-нд нээлтээ хийх арга хэмжээнд манай орон түүх, соёл, угсаатны өвөө сурталчлах зорилгоор соёл урлагийн тоглолт, урлагийн музей, хэлэлцүүлэг, хэвлэлийн хурал зэрэг үйл ажиллагааг гурван танхимд зохион байгуулах ажээ. Урлагийн музейд Төрийн шагналт зураач Ш.Чимэддоржийн “Хүлээлт”, зураач Ц.Цэгмидийн “Амьдрал”, зураач Н.Адъяабазарын “Монгол хатад”, “Морьтон эр”, Д.Батмөнхийн “Морь”, Б.Төмөрбаатарын “Зохиомж”, Ц.Нарангэрэлийн “Цэнхэр үдэш”, “Намрын салхи”, А.Чадраабалын “Бухын зохиомж”, Ц.Эрдэнэцогийн “Их үд”, О.Энхтайвны “Нүд”, Г.Лхагвасүрэнгийн “Нислэг”, Ц.Энхжаргалын “Сарны хөндий”, А.Сугарсүрэнгийн “Цахирмаа цэцэг” бүтээлүүд тавигдах ажээ.