Өвөрхангай аймгийн уран сийлбэрийн үзэсгэлэн нээгдлээ

Үе үеийн уран сийлбэрчдээрээ алдартай Өвөрхангай аймгийн музейн уран сийлбэрүүд, “Гараг” студийн сэтгүүлч Г.Бадамсамбуугийн авсан Өвөрхангай аймгийн бүх сумын байгалийн гэрэл зургийн үзэсгэлэнг монголын уран зургийн галерейд дэлгэн тавьжээ. Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газар болон тус аймгийн музей хамтран Өвөрхангай аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн арга хэмжээний хүрээнд уг үзэсгэлэнг зохион байгуулж байгаа ажээ. Монгол улсад сийлбэрийн төрлөөр гавьяат цол хүртсэн Д.Гүнд, Л.Дорж, С.Сэнгээ, Д.Гэлэгдандар, Л.Чуваамэд нарын таван алдартан байдаг бөгөөд бүгд Өвөрхангай нутгаас төрөн гарсан билээ. Тус сийлбэрийн үзэсгэлэнд С.Сэнгээгийн Өвөрхангай аймгийн ан амьтан, байгалийг дүрсэлсэн “Баян байгаль”, “Ум модон толгойтой хөөрөг”, “Тэмээ сургагч”, Л.Доржийн “Орхоны хүрхрээ”, “Таван эцэг мал” ба маш нарийн уран сийлбэрлэсэн “Гомбо” бурхан, үлгэрээс сэдэвлэсэн “Муур багш” зэрэг төрөл бүрийн мод, чулуу, ясаар сийлсэн сийлбэрүүдийг дэлгэн харуулж байгаа гэнэ. Мөн үзэсгэлэнд Өвөрхангай аймгийн музейн урлаг, уран сайхны үзмэрийн 80 хувь нь хамрагдаж байгаа бөгөөд уран сийлбэрч урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Доржийн шавь нарийн хамт бүтээсэн бүтэн сийлбэртэй зургаан ханатай гэр ч багтаж байгаа юм байна. Үзэсгэлэн энэ сарын 16-ныг дуустал үргэлжилнэ.