Тулгар төрийн анхны одон

Монголын үндэсний музейд бидний өвөг дээдсийн хэрэглэж байсан зүйлсээс эхлээд нэгнээ шагнаж урамшуулж байсан одон тэмдэг нь хүртэл хадгалагддаг. Богд хаант Монгол Улсын үед Чин гүрний хэтэрхий дөрвөн хэргэмийг залгамжлан хэрэглэж байгаад 1913 оноос “Эрдэнийн очир” одонг батлан олгодог болжээ. Энэ одонг Хаант Орос улсын нийслэл Петербург  хотноо урлуулж, төрийн үйл хэрэгт гавьяа байгуулсан гадаадын хүмүүст олгож байжээ. “Эрдэнийн очир” одонг тэргүүн, дэд, гутгаар гэсэн гурван зэргээр тогтоосон байжээ. “Чингис хааны одон” нэртэй тэргүүн зэргийн одонгоор гадаадын хаадыг шагнаж байсан бол “Автай сайн хааны одон”-гоор гадаадын ван нарыг шагнах журамтай байжээ. Гутгаар зэргийн одонг “Өндөр гэгээний одон” гэдэг байжээ. Дэд болон гутгаар зэргийн одонгоор монгол төрийн дээдсийг ч шагнаж байсан нь бий. “Эрдэнэ” гэдэг нь Энэтхэгийн самгарди хэлний “ратна” буюу “ховор, үнэт зүйл” гэсэн үгнээс гаралтай бөгөөд уйгараар дамжиж монгол хэлний үгсийн санд орохдоо дуудлага нь сунжирч эрдэнэ болон хувирчээ. “Очир” гэдэг нь “бат бэх” гэсэн самгарди хэлнээс гаралтай үг юм. Тэргүүн зэргийн “Эрдэнийн очир” одонг мөнгөн дэвсгэр дээр алтаар урлаж, одонгийн дунд болон очирт титмийн оройд улаан чулуу шитгэсэн байдаг. “Автай сайн хааны одон” очир титмийн дундаа шүрэн шигтгээтэй бол гутгаар зэргийн одон нь очир титмийн дунд хээтэй шүрэн шигтгээтэй байдгаараа “Чингис хааны одон”-гоос ялгарна. Эдгээр одон шар өнгийн өргөн туузан оосортой, улаан өнгийн хайрцагтай байжээ