Оньсон техник Монголчуудаас эхтэй

Манай эриний VIII-XIII зууны үед Монголчууд арваад янзын тэрэг хэрэглэж байжээ. Энэ бүх тэргийг хийхэд тухайн цагтаа оньсон ухааны ихээхэн мэдлэг туршлага шаардаж байсан нь гарцаагүй юм. Тэдгээрээс гэрлэг буюу их орд-гэр тэргийг XIII зуунд хийсэн нь дэвшилттэй зүйл байжээ. Энэ тэрэг нь өргөөшөө 10,5 м орчим, 22 шар үхрийг нэгэн зэрэг хөллөдөг байжээ. Тэрэгний дугуйн хийц, тэнхлэг бул, хигээс, мөөрийн хэлбэр, тоо хийцийг судлаж үзвэл эдэлгээнд бөх байх хамгийн сонгомол хэлбэрийг физикийн мэдлэгт үндэслэн олсон нь тодорхой харагддаг байна. Тэрэгний голд суулгасан чихтэй ширмэн цөн нь яваандаа орчин үеийн машин техникт өргөн хэрэглэгддэг үрлэн холхивчийн эх үүсвэр болсон гэж үздэг.