Хотын ногоон уушиг хэмээн нэрлэдэг цэцэрлэгт хүрээлэнгийн тоог энэ жил нэгээр нэмэх ажээ. Хүннү гүрний 2220 жилийн ой, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100, Ардын хувьсгалын 90 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Үндэсний эрх чөлөөний хувьсгалын гол удирдагч нь VIII Богд Жавзандамба байсан гэж үздэг. Тиймээс Олноо өргөгдсөн Монгол Улсыг байгуулахад хүчин зүтгэж, сэтгэл оюунаа чилээж явсан Богд гэгээнтэнд зориулж Хан-Уул дүүрэгт ордон музейнх нь ойролцоо нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнг нь байгуулахаар болжээ. Энэ цэцэрлэгийн төв хэсэгт VIII Богд Жавзандамбын босоо хөшөөг байрлуулах юм байна. Энэ нь Улаанбаатарт босох шашны зүтгэлтний анхны хөшөө ажээ.