НҮБ-аас 2011 оныг олон улсын ой хамгаалах жил болгон зарласан билээ. Үүнтэй холбогдуулан Нью-Йорк хотод НҮБ-ын 9 дүгээр тусгай чуулган хуралдаж байна. БОАЖ-ын дэд сайд Ч.Жаргалсайхан тэргүүтэй төлөөлөгчид тус чуулганд оролцож байгаа ажээ. Энэ үеэр Ч.Жаргалсайхан хэлсэн үгэндээ “Нэг хүнд ноогдох ой модны талбай дэлхийд дунджаар 0,6 га байхад манай орны хувьд үүнээс 10 дахин их, 7 га орчим газар байгаа нь Европын дунджаас 20 дахин их юм. Хэдийгээр талбай, чанараараа олон улсын дунджаас дээгүүр ч өнөөдөр манай орны ойн салбар улсын нийгэм, эдийн засагт маш бага үүрэг гүйцэтгэж байна. Бид 2012 онд Бразилд болох “Рио+20” дээд хэмжээний уулзалт, ногоон эдийн засгийн хөгжлийн асуудал зэрэгт онцгой анхаарал хандуулан бодлого, стратеги төлөвлөн, хэрэгжүүлэх болно” хэмээн онцолсон байна. Монголд уур амьсгалын өөрчлөлт хурдтай явагдаж, цөлжилт өдөр ирэх тусам хүрээгээ тэлж, ган гачиг нүүрлэн гадаргын ус ихээр хомсдож байгаа тул төрөөс ойгоо хамгаалах, нөхөн сэргээх бодлогыг гол болгож байгаа. Энэ бодлогын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас “Green Wall”, БНСУ-ын Засгийн гзраас “Green Belt” төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байна.