“Монголын нэг өдрийн үйл явдал”

Марзан хэмээн алдаршсан Б.Шаравын “Монголын нэг өдрийн үйл явдал” зураг өдгөө Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгт хадгалагддаг. Энэ зургийг бид “Монголын нэг өдөр” гэж нэрлэдэг. Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 241 дүгээр тогтоолоор эл бүтээлийг хосгүй үнэт зэрэглэлд оруулжээ. 20 дугаар зууны эхэн үеийн Монголчуудын амьдрал, аж байдал, угсаатны зан үйл, тухайн үеийн нийгмийн байдлыг харуулсан 135*170 см хэмжээтэй “Монголын нэг өдрийн үйл явдал” зургийг марзан Б.Шарав 19911-1912 онд зурсан хэмээн судлаачид үздэг. Монгол зураг харилцан адилгүй цаг хугацаанд болж өрнөсөн үйл явдлыг нэг хавтгайд багтаадаг онцлогтой. Энэ зурагт ч гэсэн байгаль, хүн, мал, амьтны дүрийг утга агуулгын уялдаа холбоонд нэгтгэн дов, толгодоор тусгаарлан зохиомжилж, хошин дүрээр өгүүлжээ. “Монголын нэг өдрийн үйл явдал” зурагт уламжлалт ураг холбох, бэр буулгах, бүсгүйг богтлох ёс, эсгий хийх, уул овоо тахих, оршуулгын зан үйл, нүүдэл суудал, ан ав, мал аж ахуй, газар тариалан эрхэлж буй дүрслэл зэрэг олон үйл явдлыг багтаасан байдаг.