Эрдэмтэд байгаль орчинд ээлтэй түүхэн хүнээр Чингис хааныг тодорхойлжээ. Түүний байлдан дагуулалтын үеэр хэдэн мянган хүн үрэгдэж байсан нь хөрсөнд бордоо болж, тариалангийн талбай ой болоход нөлөөлсөн хэмээн тэд үзэж байгаа ажээ. Эзэнт гүрний удирдагч амь үрэгдэгсдийн цогцсыг газрын хөрсөнд булж байсан нь 700 сая тонн нүүрсхүчлийн хий агаар мандалд ялгарахаас урьдчилан сэргийлсэн явдал болсон гэнэ. Тиймээс ч энэ бол түүхэн дэх дэлхийн дулаарлын эсрэг хийсэн анхны бодитой арга хэмжээ болсон гэдгийг эрдэмтэд онцолжээ. Судалгааны багийнхан бас нэгэн сонирхолтой дүгнэлт гаргаад байгаа нь үйлдвэрлэл хөгжиж эхэлсэн үеэс л бид экологийн тэнцвэртэй байдлыг алдагдуулах болсон гэсэн хэвшмэл ойлголтыг үгүйсгэж байгаа ажээ. Саяхныг хүртэл эрдэмтэд чулуун нүүрс, газрын тос олборлон түүнийг үйлдвэрлэлд ашиглаж эхэлсэн цагаас л хүн төрөлхтөн агаар мандлыг бохирдуулж, байгаль орчныг сүйтгэх болсон хэмээн үзэж байсан бол Карнегийн хүрээлэнгийн Дэлхийн экологийн асуудал хариуцсан салбарын тэргүүн Жулиа Понграц “Үнэндээ хүн төрөлхтөн хэдэн мянган жилийн өмнөөс буюу газар тариалан эрхлэх болсон цагаасаа л экологийн асуудалд сөргөөр нөлөөлж эхэлсэн” гэжээ. Карнегийн хүрээлэнгийн эрдэмтэд судалгааныхаа явцад гаргасан шинэ санаа үүгээр дуусахгүй. Байлдан дагуулалтын үед амь үрэгдсэн 40 орчим сая хүний цогцсыг газарт булсан нь орчин цагийнханд агаар мандлын бохирдол, дэлхийн дулаарлыг багасгахад багагүй хувь нэмэр болсны зэрэгцээ олон жилийн явцад боловсорч, газрын тосны нөөцийг бүрдүүлсэн байх магадлалтай гэнэ.