Хүннүгийн жил эхэллээ

Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол тулгар төрийн 2220 жилийн ойг 2011 оны турш төр ёсны их баяр  болгон тэмдэглэхээр болсон билээ. Тус ойн нээлт өчигдөр Үндэсний түүхийн музейд боллоо. Нээлтийн ёслолын ажиллагааг БСШУ-ын сайд Ё.Отгонбаяр “Тулгар төрийн 2220 жилийн ойг тэмдэглэх нь Монголын төр, ард түмний үүрэг мөн” гэсэн сэдвээр илтгэл тавин эхлүүлсэн ажээ. Түүний дараа Монгол Улсын их сургууль, Шинжлэх ухааны академи болон Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн судлаач нар тулгар төр буюу Хүннү гүрнийг байгуулсны 2220 жилийн ойд зориулан “Хүннүгийн түүх, соёлын судалгааны тулгамдсан асуудал”, “Хүннү цэрэг”, “Хүннүгийн археологийн судалгаа”, “Хүннүгийн угсаа гарвал, хэлний түүхийн асуудал” зэрэг сонирхолтой илтгэлүүд тавьж, хэлэлцсэн байна. Энэ үеэр ШУА-ийн Археологийн хүрээлэн, Үндэсний түүхийн музейн хээрийн шинжилгээний ангийн Ноён уул, Гол мод, Дуурлиг нарс, Тахилтын хотгор гэсэн Хүннүгийн таван язгууртны оршуулгын дурсгалт газраас сүүлийн арван жилд археологийн малтлагаар олж илрүүлсэн эд өлгийн зүйлийг нийтэд дэлгэн үзүүлж, одоогоос 2000 гаруй жилийн өмнө амьдарч байсан Хүннү гүрний язгууртан, ихэс дээдсийн эд хэрэглэл, эдийн соёлыг танилцуулсан байна.