Монголын тулгар төрийн 2220 жилийн ойн нээлт болно

Монголын үндэсний музейд энэ сарын 31-нд Монголын тулгар төрийн 2220 жилийн ойн баярын нээлт, эрдэм шинжилгээний хурал, “Хүннүгийн язгууртнууд” үзэсгэлэнгийн нээлт болно. Ёслолын ажиллагааг Монголын тулгар төрийн 2220 жилийн ойг тэмдэглэх Үндэсний хороо, БСШУЯ, Шинжлэх ухааны академи, Батлан хамгаалах яам, Монголын үндэсний музей хамтран зохион байгуулж буй ажээ. Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэн, Монголын үндэсний музейн хээрийн шинжилгээний анги Ноён уул, Гол мод, Дуурлиг нарс, Тахилтын хотгорт Хүннүгийн дөрвөн том язгууртны оршуулгын дурсгалт газар археологийн малтлага, судалгаа хийж илрүүлсэн олдвор, эд хэрэглэгдэхүүнийг “Хүннүгийг язгууртнууд” үзэсгэлэнд дэлгэн тавих юм. Одоогоос 2000 гаруй жилийн өмнө амьдарч байсан язгууртан ихэс дээдсийн эд хэрэглэл, соёлыг танилцуулах үзэсгэлэн 10 хоног үргэлжлэх ажээ.