Төр улс оршин тогтнохын нэг үндэс нь уламжлалт ёс заншил, хэл соёл, дээл хувцас билээ. Богд хааны ордон музей, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Төвд судлалын сектор, “Монгол костюмс” хамтран “Дэвжсэн төрийн дээл” үзэсгэлэн зохион байгуулж байна. Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Богд хааны ордон музей энэ оны сар бүр үзэсгэлэн зохион байгуулахаар болсон бөгөөд эхнийх нь уг үзэсгэлэн ажээ. Үзэсгэлэнд 8 дугаар Богд Жавзандамбын хэрэглэж байсан дээл, гутал, орхимж, жанч тэргүүтнийг дэлгэжээ. Богдын 7-9 настайдаа өмсөж байсан луун хээтэй, хул шар өнгийн торгон дээлээс эхлээд олон сайхан түүх өгүүлэх эд зүйлсийг эндээс сонирхож болно. Эрт цагт битүү хээтэй, торгон дээлийг хаад язгууртнууд л өмсдөг байжээ. Хэрвээ харц ард өмсвөл буян заяа нь барагдах нүгэлтэй гэнэ. Дээлэн дээр есөн луу урласан байдаг нь хааны сүр хүч, ухааны царааг илтгэдэг байжээ. Мөн тус музейн хамгийн эртний үзмэр болох Өндөр гэгээн Занабазарын таж магнаг дээл ч энд байгаа ажээ. Хүрэн өнгийн пүүсүү даавуун дээр есөн лууны дүрсийг битүү хатгаж, шагласан уг дээлээ тэрбээр төрийн ямба ёслолын үеэр өмсдөг байжээ. Уг нь Манж Чин улсын үед төрийн дээд тушаалтнууд хамгийн ихдээ таван луутай, зөвхөн хаан хүн л есөн луутай дээл хувцсаар гоёдог байсан байна. Тэгвэл Манжийн Энх-Амгалан хаан Занабазарыг Чингисийн алтан ургийн хүн, өөрийн багшаа хэмээн хүндэлж эн чацуу зиндааны дээл бэлэглэсэн нь энэ дээл гэнэ.