Монголын дүрслэх урлаг Хонконгод

Хонконгийн “Хан-Арт” галерейд Монголын уран бүтээлчдийн “Орчин үеийн Монгол”, “Хээрээс хотын динамик хөдөлгөөн рүү” нэртэй үзэсгэлэн нээгджээ. Монголын орчин үеийн дүрслэх урлагийн бүтээлийг Азийн үзэгчдэд танилцуулах зорилготой эл үзэсгэлэн жилийн турш үргэлжлэх ба оны эцсээр Бээжин хотод шилжин гарах гэнэ. Үзэсгэлэнд Төрийн соёрхолт зураач Ц.Энхжин, Ш.Чимэддорж, урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Мөнхжин, Монголын урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт зураач Л.Бумандорж, М.Эрдэнэбаяр, Ж.Мөнхцэцэг, С.Дагвадорж нарын 22 уран бүтээлчийн уран болон монгол зураг, зураасан зураг, инстоляци, уран бичлэгийн 200 орчим бүтээлийг дэлгэсэн байна. Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр урлаг судлалын ухааны доктор Ц.Уранчимэг “Хан-Арт” Фотан студид “Монголын орчин үеийн урлаг” нэртэй лекц уншсан байна.