Тойрон эрчилсэн монгол хээгээр ямар ч зүйлийг дүрслэн үзүүлж болдгийг харуулсан үзэсгэлэн энэ сарын 19-нд Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд нээлтээ хийжээ. Монгол зургийн арга, тэр дундаа зөвхөн эрчилсэн хээгээр уран бүтээл туурвих шинэ урсгалыг Баянхонгор аймгийн зураач Ч.Ядам есөн жил судалсны эцэст гаргажээ. Тэрбээр хүү Я.Баасандоржийн хамт үзэсгэлэн гаргасан ажээ. “Дэлхий нарыг тойрон эргэлдэх зогсолтгүй хөдөлгөөн нь амьд оршихуйн үндэс. Үүнийг өвөг дээдэс маань дүрслэх урлагт эрчилсэн хээгээр бэлэгддэг байжээ. Хэдийгээр энэ хээ авдрын чимэглэлээс халиагүй боловч эрч хүчийг бэлгэдсэн гайхамшигт дүрслэл тул ийн бие даасан урсгал болгон хөгжүүлэхийг хүссэн” хэмээн зураач Ч.Ядам ярижээ.