Монголын үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойд зориулан ийм нэртэй номыг “Монсудар” хэвлэлийн газраас уншигчдадаа хүргэж байна. Энэ номын зохиогч нь Оросын төрийн нууц зөвлөх хэргэмтэй, нэрт дипломатч Иван Яковлевич Коростовец бөгөөд тэрбээр 1912 оны 8 дугаар сараас 1913 оны 5 дугаар сар хүртэл Монгол дахь Оросын Бүрэн эрхт төлөөлөгчөөр ажиллаж байжээ. Тэрбээр Монголд амьдарч байсан хугацаандаа өдөр алгасалгүй тэмдэглэл хөтлөн, 20 дугаар зууны эхэн үеийн Монголын улс төр, эдийн засаг, гадаад бодлого, дотоодын элдэв үймээн самуун, нийгмийн амьдрал, монголчуудын ахуйг бодитоор дүрсэлж, олон баримттай дурджээ. Хэдийгээр нэг хүний өдрийн тэмдэглэл төдий зүйл боловч Монголын улс төрийн зүтгэлтнүүдийн намтар, тухайн үейин үзэл бодлыг тод харуулж, тэр үед Монголын талаар баримталж байсан Орос болон Хятад улсын төрийн бодлогын зангилаа асуудлыг эндээс мэдэж болох юм байна. Монгол болон алс Дорнодын талаар Оросын Засгийн газраас явуулж байсан албан ёсны бодлогын шинж чанарыг ч тэмдэглэсэн байна.