"Шинэ цас-2011"

Шинэ оны хамгийн эхний үзэсгэлэн Монголын уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийжээ. Энэ жилийн хувьд үзэсгэлэнгийн салхийг сүүлийн үед залуусын сонирхлыг ихээр татах болсон орчин цагийн дүрслэх урлаг хэмээн нэрлэгдэж буй каллиграфийн үзэсгэлэн хагалжээ. Монголын орчин цагийн каллиграфичдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Шинэ цас-2011” үзэсгэлэн 5 дахь жилдээ уран бичлэг сонирхогчдын хүртээл болж байгаа ажээ. Уран бичлэг буюу Calligraphy нь дорно дахины ард түмний дотоод сэтгэлгээний урлаг болж, тухайн улс түмнийхээ ахуй соёл, ёс заншил, яруу найрагтай нягт уялдаатай хөгжиж ирсэн түүхтэй билээ. Дөрвөн өдрийн турш үзэгчээр дүүрэн байсан “Шинэ цас-2011” өнөөдөр хаалтаа хийх гэнэ. Гэхдээ хүсвэл үзэгчдийн хүсэлтээр дахин дэлгэж магадгүй юм байна.