Түүх соёлын дурсгалаа цахим санд хадгална

 

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын тушаалаар байгуулагдсан “Монголын музейн үзмэрүүд” гэрэл зургийн цомог, цахим каталоги хийх ажлын хэсэг улсын болон аймгийн музей, эрдэм шинжилгээний хүрээлэн номын сан, сүм хийд зэрэг 40 байгууллагад хадгалж буй хосгүй үнэт үзмэрүүдийн гэрэл зургийг авч, тайлбарыг нь бэлтгээд байгаа юм байна. Гэрэл зургийн энэхүү цомог хоёр бүлэгтэй. Тэргүүн бүлэгт Засгийн газрын тогтоолоор түүх соёлын хосгүй үнэт үзмэрийн зэрэглэлд багтаасан дурсгалууд, дэд бүлэгт 33 музейн шилдэг үзмэрүүдийн зургийг монгол, англи хэлээр бичсэн тайлбартай нь оруулжээ. Уг цомогт тулгуурлан www.movable.eheritage.mn цахим каталоги нээх гэнэ. Каталогийг БСШУЯ-наас зарласан тендерт шалгарсан “Сайбер андромеда” компани гүйцэтгэж байгаа ажээ. Эл каталоги хулгайд алдсан болон хил дээр хураагдсан түүх соёлын дурсгалын талаарх мэдээлэл багтаасан дэд системтэй юм байна. Үүнийг музей, хил гааль, цагдаагийн байгууллагын ажилтнууд ашиглан, мэдээлэл шуурхай солилцох боломжтой байхаар хийх гэнэ. Цахим каталогийг Соёлын өвийн төвийн “Үндэсний соёлын өвийн мэдээллийг тоон системд оруулан хадгалах хөтөлбөр”-ийн хүрээнд зохион туршиж буй программд тулгуурлан хийж байгаа ажээ. Энэ программыг бүртгэлд ашигласнаар Монгол орны түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн тоог төрөл зүйлээр нь нарийвчлан гаргах, тархацын байршлыг газрын зураг дээр харах, аливаа мэдээллийг хүмүүст шуурхай, үнэн зөв хүргэх боломж нээгдэнэ. Хамгийн гол нь манай улс түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлсийнхээ бүртгэл, мэдээллээ тоон системд аюулгүй найдвартай хадгалах билээ.