Монгол зураг

 Монголчууд бид агуу түүхтэй үндэстэн билээ. Гэсэн ч дэлхийн тавцанд бидний гэх урлаг юу юм бэ гэдгээ тайлбарлаж чаддаггүй. Монгол зураг гэдгийг ч яг утгаар нь тайлбарлаагүй байна. Монгол зургийн тухай ярихын тулд энэ нэр хэрхэн бий болсон талаар дурдах хэрэгтэй. 1940-өөд оны сүүлчээр Н.Чүлтэм, Б.Ренчин нарын сэхээтнүүд улс үндэстэн бүр өөрийн уламжлалыг шингээсэн зурагтай байхад монголчуудад ч гэсэн байх ёстой гэж үзээд монгол зураг гэдэг нэрийг бий болгожээ. Тухайн үед Европын бодит болон хийсвэр зураг Монголын дүрслэх урлагт хүч түрэн орж ирсэн байна. Түүнээс өмнө бол Монголын үндэсний уран зураг гэж л ярьдаг байжээ. Манай үндэсний уран зураг нь хадны сүг зургаас эхтэй. Хүннү гүрэн Жужань,  Монголын Эзэнт гүрэн, Баруун, Зүүн Монголын үе, Занабазарын үе гээд л үргэлжилдэг. Тухайн цаг үедээ хувьсан өөрчлөгдсөөр ирсэн. Занабазарын үед бурхны зураг зурах хэв дэг дүрслэх урлагт хүч түрэн бий болж улмаар ардын хувьсгал ялсны дараа марзан Шарав бурхны зургаас ахуйн зураг руу орсон байна. Тэрбээр хэдийд, хаана, хэзээ болж байгаа нь хамаагүй бүгдийг нэг хавтгай дээр буулгадаг. Сайтар ажиглавал хүний амьдралыг бүхэлд багтаасан байдаг байна.